Энэ оны авто зам засвар, шинэчлэлтийн төлөвлөгөөт ажлуудыг албан ёсоор эхлүүлснийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэж байв. Мөн энэ жил 41 байршилд 70 гаруй километр зам засаж, шинэчилнэ хэмээсэн. Урьд жил хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцүүлэн хөдөлгөөн хааж, хэдэн сар дамнан энхэл донхол замаар явуулснаасаа сургамж авсан уу, ямартай ч хотын хөдөлгөөн сийрэгжсэн энэ үед засварын ажлаа амжуулж буй нь сайшаалтай. Гэвч энэ зунжингаа овоолсон шороотойгоо, зам харгуй нь хариуцсан эзэн ч үгүй өнжих эрсдэл нийслэлчүүд бидэнд байсаар. Шинэчлэх шаардлагагүй хэсгийг хуулж, явган хүний замын хэсгээр битүү шороо тоос босгож буйг цахим орчинд шүүмжлэх хүн олон байна.
Ингэж сүржигнэсний эцэст мэргэжлийн хүн хийсэн гэхэд бэрх овон товон, хүн алхахад бэрх, стандарт бус зам угтдаг нь нууц биш. Ийм орчинд цэвэрхэн гутал, хувцастай явж, харшилгүй амьдрах боломж алга. Засвар, шинэчлэлээ цөөн хоногт “машиндаж” буйгаа дөвийлгөх ч түүнээс хэд нь ус зайлуулах шугамтай байж, хэчнээн нь түр зуурын бороо тэсэж чадах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй сэн. Хөгжингүй улс орнуудад зам засвар, барилгын ажлыг явуулахдаа олон улсын болон үндэснийхээ стандартыг чанд мөрддөг бөгөөд энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангаж, орчны бохирдлыг бууруулахад чиглэдэг. АНУ-ын хувьд “Замын хөдөлгөөний хяналтын нэгдсэн гарын авлага” (MUTCD) нь зам засварын бүсэд тавигдах дохио, тэмдэглэгээ, хурдны хязгаар хамгаалалтын техникийн шаардлагыг тодорхойлдог үндсэн баримт бичиг гэнэ. Түүнчлэн муж бүр өөрийн нөхцөлд тохируулсан нэмэлт заавар гаргадаг бөгөөд үүнд ажилчид заавал сургалтад хамрагдсан байх, засварын үеэр хамгаалалтын хашлага, ус цацагч төхөөрөмж ажиллуулах зэрэг ордог аж.
Харин Британийн DMRB хэмээх стандарт нь зам, гүүр, явган хүний замын засварын явцад мөрдөх нарийн заавар, инженерийн тооцоог багтаадаг ба тоос, шорооноос урьдчилан сэргийлэхийн тулд ус цацагч машин ашиглах, хөрсийг тогтворжуулах тусгай бодис хэрэглэх, хамгаалалтын хөшиг тавих арга зүйг хэрэгжүүлдэг гэнэ. Харин манайд хэн нь илүү стандарт мөрдөхгүйвэ гэдгээрээ уралдаж, түүгээр зорчих иргэд эл нөхцөл байдлыг тэвчихэд улам хүндрэлтэй болж буй. Зам засах нь зөвхөн асфальт дэвсэж, гантиг шигтгэх бус, бодлогоор хамгаалах хотын соёл юм.
Д.Сэлэнгэ
