Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайланг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, баталсан. Үүнтэй холбогдуулан өчигдөр Үндэсний аудитын газраас мэдээлэл өгсөн юм. Тус газраас 2025 онд төсвийн 61 ерөнхийлөн захирагч болон тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн 6832 шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийсэн. Аудитаар 60 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 165 албан тушаалтанд хариуцлага тооцох 151 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Мөн нэг их наяд төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 6001 зөвлөмж өгсөн бол гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 10.2 тэрбум төгрөгийн зөрчлийг шалгуулахаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Түүнчлэн мөнгө угаасан байж болзошгүй 7.3 их наяд төгрөгийн асуудлаар Ерөнхий аудитор С.Магнайсүрэн мэдээлсэн. Тэрбээр “Татварын ерөнхий газраас татварын бүрдүүлэлт, ногдуулалттай холбоотой зөрчил, гэрээ, бараа, ажил, үйлчилгээ, мөнгө угаасан байж болзошгүй нийт 7.3 их наяд төгрөгийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Тодруулбал, борлуулалтын орлогоо бууруулсан, нуусан, зардлаа нэмж тайлагнасан гэрээ болон үйл ажиллагаатай холбоотой 94 иргэний 3.9, 56 аж ахуй нэгжийн хоёр их наяд төгрөг буюу нийт зургаа орчим их наяд төгрөгийн зөрчлийг татварынхан илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Түүнээс гадна худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь нотлогдоогүй цахим төлбөрийн баримт шивүүлж, НӨАТ-ыг бууруулсан 17 аж ахуйн нэгжийн 950 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нотлогдоогүй ч их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон 66 аж ахуйн нэгжийн 855.2 тэрбум төгрөгийн зөрчил, эцэст нь мөнгө угаасан байж болзошгүй цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 43 аж ахуйн нэгжийн 337.8 тэрбум, нэг иргэний 600 сая төгрөг гээд нийт 338.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Эдгээр дөрвөн зөрчлийн дүн нийлээд 7.3 тэрбум төгрөг болж байна. Дээрх дүн нь төрийн байгууллага, тэр дундаа Засгийн газар, салбарын яамд, төсөвт байгууллага, төрийн өмчит компаниудтай хамаагүй” гэв.
Ч.ТУЯА