Монгол Улсын хилийн зурваст буюу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутагт энэ сарын 25-нд хууль зөрчин, монгол болон гадаад иргэд хадлан хадаж байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл тавигдсан байна. Мэдээллийн мөрөөр хууль, хяналтын байгууллагынхан ажиллажээ. Өөрөөр хэлбэл, угмэдээллийг нягтлах зорилгоор албаны шалгалтыг шуурхай зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-т үүрэг болгожээ. Шалгалтаар баримт бичгийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу материалыг үндэслэн аж ахуйн нэгжид хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул түүнийг хүчингүй болгож, хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг хилийн зурвасаас албадан гаргасан байна.
Мөн ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга Н.Ганболдыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Цаашид албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгох, авлига, хээл хахууль болон ёс зүйн зөрчил гаргасан, иргэдэд тэгш бус үйлчилсэн албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох чиглэлийг тус газрын удирдлага, хамт олонд үүрэг болгов.
Бригадын генерал Н.Ганболд нь 2020 оны нэгдүгээр сараас ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын даргаар ажиллаж байжээ.
Ч.Цэлмэг