Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, 52-ын давааны замд энэ сарын 8-ны 23.00 цагийн үед нэгэн эмэгтэй авто замын хажуугийн даланд унаж нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иржээ. Үүний дагуу Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ныхан үзлэг шалгалт хийхэд 32 настай эмэгтэй автомашинд дайруулж амиа алдсан нь тодорхой болсон аж. Тухайн орчинд хяналтын камер байхгүй, осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газраас зугтсан байв. Хэргийн газрын үзлэгийн үед хураан авсан эд зүйлсэд үндэслэн ТЦА-ны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Төв аймгийн Цагдаагийн газрынхан хамтран ажиллаж, хэргийн газраас зугтсан тээврийн хэрэгсэл, жолоочийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм. Уг хэргийг Төв аймгийн дугаартай “Тоёота приус” загварын автомашиныг жолоодож явсан залуу үйлдэн нуугдсан байжээ. Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд энэ сарын 13-ны 06.00 цагийн үед “Тоёота саи” загварын автомашины жолооч Ө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон урсгал сөрж, нийтийн тээврийн “Хьюндай аэросити” автобусыг мөргөсний улмаас суудлын автомашинд явсан нэг хүний амь хохирсон бол таван иргэн гэмтжээ.