АН-ын Үндэсний бодлогын хороо энэ сарын 28-нд хуралдаж, үндсэн дүрэм, хөтөлбөр болон намын даргын асуудлаа хэлэлцэх гэж буй. Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргасны дараа Л.Гантөмөр ажлаа өгөхөө мэдэгдэж, улмаар дараагийн даргад горилогчдын марафон өрнөж байгаа юм. Тус намын фракцууд өөрийн хүнээ сойж, энд тэнд уулзан, тохиролцоогоо хийсээр байна. УИХ-ын гишүүд дотроос О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, О.Алтангэрэл, Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нарын нэр дуулдаж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нь сонгогдох магадлал илүү өндөр байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл горилогчдын жагсаалтыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан нар үргэлжлүүлжээ. Сүүлийн өдрүүдэд фракцууд нь тус тусын хүмүүсийнхээ пиарыг эрчимтэй хийж байна. Эдний дотроос МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцруулж, хариуцлага тооцохоор зоригтой тэмцсэн гишүүн Ч.Лодойсамбууд иргэд ам сайтай байгаа аж. Мөн тус намын залуу гишүүд, дэмжигчид түүнийг АН-д өөрчлөлтийн салхи үлээлгэж чадна хэмээн итгэж байгаа гэнэ.
ҮБХ-ны үеэр танхимаас нэмж нэрээ дэвшүүлэх улс төрчид ч гарч ирэх биз ээ. Юутай ч АНын даргаар намынхаа олон фракцын эв нэгдлийг хангаж, МАН-аас хараат бус ажиллаж чадах ухаалаг, зоригтой хүн сонгогдох нь улс орны эрх ашигт тустай юм. Нэг нам дангаар засагласнаар хэрхэн ардчиллын үнэт зарчмуудыг алдагдуулж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хумьж байсныг сөрөг хүчингүй өнгөрсөн найман жилд бид хангалттай мэдэрсэн билээ.
С.Уул