Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авч, төрийн санхүүжилт хүртэх болзол хангасан намуудад ирэх онд олгох мөнгөний дээд хэмжээг тогтоосон байна. Улс төрийн намын тухай хуулийн 29.1-т заасны дагуу тус хороо жил бүрийн есдүгээр сарын 15-наас өмнө дараа онд намуудад олгох санхүүжилтийн хэмжээг тогтоох үүрэгтэй юм. Ингэхдээ сонгуулиар тухайн намын авсан саналын болон парламент дахь төлөөллийн тоог үндэслэж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог аж.
Сонгогчдын нэгээс дээш хувийн саналыг МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвслээс гадна Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам авсан. 2026 онд эдгээр нам, эвсэлд нийт 7.8 тэрбум төгрөг хуваарилахаар дээд хэмжээг баталсан байна. Үүнээс МАН 3.3, АН 2.5 тэрбум, ХҮН нам 756.7, Үндэсний эвсэл 376.9, ИЗНН 368.3, Шинэ нэгдсэн эвсэл 275.9, Үнэн ба зөв нам 161.5 сая төгрөг тус тус хүртэх нь. Гэхдээ эхлээд хуулийн дагуу СЕХ эдгээр нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянана. Улмаар тайлан дахь тухайн намын орлогын дүнгээс хамаарч, хэдэн төгрөгийн санхүүжилт олгохыг эцэслэн тогтоодог юм. 2024 онд дээрх нам, эвслүүдэд олгох санхүүжилтийн дээд хэмжээг 7.4 тэрбум төгрөгөөр баталж, 6.9 тэрбумыг нь олгож байжээ.
Төрөөс улс төрийн намуудад олгох санхүүжилт нь хоёр хэлбэртэй бөгөөд дээрх болзлыг хангасан намууд тухайн УИХ-ын бүрэн эрх дуустал жил бүр санхүүжилт авна. Харин парламентад суудалтай намууд сонгогдсон гишүүнийхээ тоогоор авдаг мөнгийг дөрвөн жилд нэг удаа олгодог аж. Уг мөнгийг СЕХ энэ онд олгосон юм билээ.
С.Уул