Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Баатарсайханы Амарсайхан нарт зодуулж хүнд гэмтсэн хохирогчид хилийн хориг тавих эсэх, шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралдаан дуусаж, шүүх бүрэлдэхүүн прокурорын саналаас татгалзсан шийдвэр гаргалаа.
Хохирогчийн аав Д.Дашзэвэг хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ялагдагч талын ар гэрийнхэн цахим орчинд зөрүүтэй мэдээлэл өчигдрөөс түгээсэн харагдсан. Хохирогч болох миний хүүг Солонгос руу эмчилгээнд яваад зүгээр эмчлүүлээд ирсэн гэх буруу ойлголтыг нийгэмд түгээжээ. Гэтэл бодит байдал дээр миний хүү бүрэн эрүүл, саруул болохооргүй хүнд гэмтэл авсан. Сая Солонгос улсад нүүрний цөмөрсөн ясыг нь наашлуулж, хугарсан ясыг нь нийлүүлж хадсан. Одоогоор нүүрний ясны эдгэрэлт явагдаж байгаа учраас дараагийн хагалгаа 6-8 сарын дараа болно. Одоогоор тархинд нь цус хуралт байгаа учраас шимэгдүүлэх эмчилгээ хийж байна. Мөн нүдний хараанд асуудал үүссэн учир эмчийн хяналтад байнга байх шаардлагатай гэж эмч нар зөвлөсөн. Эмчилгээний завсар гарсан учраас хэд хоног гэртээ тэнхрээд буцаад энэ ням гарагаас Солонгос улс руу эмчилгээнд явах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл манай хүүг хөнгөн гэмтэл учруулсан гэж ялагдагчаар татаж, хилийн хориг тавих эсэх, шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх үнэн зөвөөр шийдвэрлэх байх. Шүүхийн өмнөөс ямар нэгэн хариу хэлмээргүй байна. Гэхдээ хилийн хориг тавих шийдвэр гарахгүй байх гэж итгэж байна. Сая шүүх хурал дээр энэ хүсэлтэй илэрхийлсэн.
Миний хүү зодуулж доромжлуулсан учир биеэ хамгаалсан үйлдлийг хүний биед халдсан гэж үзсэн болов уу. Өт хүртэл биед нь хүрэхээр арвалздаг. Хүүг маань Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа энэ үед арай ч хилийн хориг тавихгүй байх гэж найдаж байна.
Миний хүү сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд бий. Бусад залуусын адил сургуулиа төгсөж ирээд, улс орондоо сайн сайхан үйл хийнэ гэж мөрөөдөж явсан мөрөөдөл нь биелэх эсэх эргэлзээтэй байдал хүрч, сэтгэл санааны хувьд хэцүү байдалтай байна. Өөрөөр хэлбэл, Гэмтлээс үүссэн гэмтэл цаашид яаж хүндэрч, ямар эрсдэл үүсэхийг таахын аргагүй хүнд байдалд бид байна.
Ер нь хүн хийсэн хэргийнхээ хор уршгийг арилгах ёстой. Хэн нэгэн иргэн гэмт хэрэг үйлдсэн бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг арилгаж, ялаа үүрэх нь зүйн хэрэг. Миний хувьд уг болсон хэрэг шударга, үнэнээр шүүгдээсэй гэж хүсэж байна. Иргэд шударга бус байдлыг хараад бүгд эгдүүцсэн байдалтай хүлээж авсан. Тэгэхэээр тэдгээр хүмүүс хэдий эрх мэдэлтэй мөнгөтэй байлаа гээд шударга бусыг эсэргүүцэж байгаа хүмүүсийг бүгдийн худалдаж авч чадахгүй байлгүй дээ.
Ялагдагч талын ар гэрийнхэн бидэнтэй ирж уулзаж, уучлалт гуйсан. Мөн эмчилгээнд шаардлагатай мөнгийг тухайн эмнэлгийн байгууллага руу шилжүүлсэн. Эмчилгээний зардалд ямар нэгэн гомдол байхгүй" гэх мэдээллийг өглөө.