Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдөр /2025.09.11/“Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-тэй холбоотойгоор Засгийн газарт шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудал хэрээс хэтэрсэн байна. Бүдүүлэг үг хэллэгээр ард иргэдтэйгээ харьцдаг ийм байдал байж болохгүй. Бусад соёлтой Ардчилсан оронд ёс зүйн асуудалтай албан тушаалтнууд аль хэдийн огцорчихсон байх байсан. Үүний нэг тодорхой жишээ бол өчигдрийн Б.Дэлгэрсайхан сайдын үг, хандлага ямар байгааг бид харлаа.
УИХ-аар ямар хуулийн төслийг хэлэлцэх вэ гэдэгт УИХ-ын даргын үзэмж их байдаг. Зарим асуудал гэрлийн хурдаар явагддаг. Тийм ч учраас энэ асуудал УИХ-аар гэрлийн хурдаар орж, баталсан. Тухайн үед би Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй энэ гэрээний асуудлаар уулзахаар гурван сар хөөцөлдсөн ч чадаагүй.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, улмаар УИХ-ын 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан.
Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон. Өөрөөр хэлбэл “Гурвыг цогцоор” гэх худлаа нэр өгч, УИХ-д өргөн барьсан. УИХ үүнийг хэлэлцэж баталсан. Санаатайгаар муу гэрээ байгуулах бололцоо олгосон. Хоёрдугаарт сорчилсон буюу хамгийн сайн нүүрсээ 55 хувь байхаар заалт оруулсан, харин хамгийн хямд нүүрсээ 10 хувьд тооцсон байна.
Бид ганц гэрээгээр нийт коксожсон нүүрснийхээ 40 хувийг хямдруулж зарж байна. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ мөнгөөр Монгол Улсын эдийн засагт ашигтай төсөл хэрэгжүүлж болох байсан. Бид аль хэдийн дэлхийн хөгжлөөс хоцорсон байж ийм алдагдалтай ашиггүй гэрээ байгуулсан нь цэвэр луйвар юм гэдгийг ард түмэндээ хэлмээр байна. Хоёрдугаарт яагаад энэ гэрээг Харбинд байгуулсан байх вэ. Манай улсын муу гэрээнүүд дандаа гадаадад байгуулдаг. Гуравдугаарт энэ гэрээг нууцалж байгаа шалтгаан юу вэ? Нүүрс худалдана гэдэг нууцлах зүйл биш. Үүнийг нууцалж байна гэдэг үүний цаана луйвар байна гэсэн үг.
Гэрээг байгуулсан хүмүүс Хятадууд биднийг шахсан мэт зүйл ярьж байна. Гэтэл Хятадууд биднийг шахаагүй нь ойлгомжтой. Хэрэв эрх ашгаа бодоод чамбай гэрээ хийхийг зорьсон бол аргагүй үнэнд гүйцэгдээд Монголд ашигтай гэрээ байгуулах л байсан. Манай урдын хөршийн удирдагч манай улсад айлчилж байхдаа "манай хөрш орнууд манайхтай гэрээ хийхдээ өөртөө ашигтай гэрээ хийх боломжтой" гэж хэлж байсан. Гэтэл манайхан эсрэгээр нь гэрээ хийсэн. Монголд хохиролтой. Хятадад ашигтай гэрээ хийсэн. Иймд энэ гэрээг зөв гэрээ гэж ойлгож болохгүй.
Б.Дэлгэрсайхан гэж хүн муухай ааштай , даварсан хүн учраас ил гараад алдаатай юм яриад байна. Юу гэж ч гүжирдэж магадгүй учраас нэн даруй огцруулах хэрэгтэй. Хамгийн чухал нь энэ гэрээг гүйцэтгэсэн буюу цаана нь байгаа хүнийг Туваан гэж Б.Дэлгэрсайхан хэлсэн. Харин Б.Дэлгэрсайхан сайд өөрөө би зөвхөн төмөр замтай холбоотой асуудлыг хариуцсан гэж ярьж байна лээ. Мөн энэ асар алдагдалтай гэрээг УИХ-д оруулж, баталсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар хуйвалдааны шинж чанар агуулсан байж магдаггүй гэж үзэж байна. Үүнийг яагаад мэдэхгүй, тодруулахгүйгээр УИХ-аар ногоон гэрлээр баталсан юм бэ?. Уг нь муу гэрээг хэлэлцэж, засдаг шүү дээ. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, ард түмнийг энэ асуудалд анхааран яаралтай засаж, залруулахыг хүсэж байна. Хятадын талаас энэ гэрээг засахад асуудал байхгүй байх гэж бодож байна. УИХ-д энэ талаар ажлын хэсэг гарч, шалгах байх. Мөн энэ луйврыг засгийн газар илчилж, нээлттэй сонсгол явуулах байх гэж байна. Ингэснээр ард түмэндээ өмчийг нь буцааж авч өгөх байх. Америк 10 тэрбум ам.доллар буюу 35 их наяд төгрөгийн алдагдлыг хүлээхгүйгээр болох байх гэж найдаж байна. Гэрээнд заасан орлогыг баялгийн сандаа төлөврүүлж улс орноо хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй" хэмээн хэллээ.