Хоёр хүний амийг хохироосон, нэгнийх нь цогцсыг чемоданд хийгээд, хажууд нь цай ууж суугаа эрэгтэй, эмэгтэйн зургийг хохирогчийн ар гэрийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, өмгөөлөгч, прокуроруудыг буруутгаж буй. Өөрөөр хэлбэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх маргааш буюу есдүгээр сарын 17-нд яллагдагч Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг зарласантай холбоотойгоор элдэв мэдээлэл нийтлэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмгөөлөгчдийн хол-боо болон дээрх шүүхээс тайлбар мэдэгдэл гаргасан байна. Тухайлбал, Өмгөөлөгчдийн холбооноос “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа яллагдагч Ц.Д, Х.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд найман өмгөөлөгч ажиллаж байгаагаас хохирогч нарын өмгөөлөгчөөр зургаа, нэр бүхий хоёр яллагдагчийн өмгөөлөгчөөр хоёр хүн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж байна” хэмээсэн. Тэгвэл дээрх шүүхээс “Яллагдагч Ц.Д-г 2024 оны зургаадугаар сард үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.1, 2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар хоёр, түүнээс дээш хүнийг хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэж мөн оны арваннэгдүгээр сарын 29-нд шүүхэд шилжүүлсэн. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хаалттай явуулаад хэргийг прокурорт буцаахдаа “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хохирогч А, Б нарыг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна” хэмээсэн. Тодруулбал, нийгмийн сүлжээнд зураг нь тавигдсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг хүний амь хөнөөх гэмт хэрэгт хамтын оролцоотой, эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй гэж дүгнэсэн юм. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж улмаар шүүхэд 2025 оны наймдугаар сарын 21-нд дахин шилжиж ирсэн. Шүүхээс есдүгээр сарын 17-нд зарласан урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай, эсэх болон ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хуралдаан биш. Уг хурлаар өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлд хамаарах ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн, эсэх, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дутуу хийгдсэн зүйл байгаа, эсэхийг хэлэлцэнэ” хэмээн тайлбарласан.
Тэгвэл өчигдөр хэрэгт хяналт тавьж буй НПГ-аас мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Түүнд дурдсанаар гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг анх цагдаагийн байгууллага 2024 оны зургаадугаар сарын 21-ний 05.00 цагийн орчимд иргэн Э.Г өгчээ. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийхэд 16 настай Ч.Ш-ийн амийг хохироон, цогцсыг нь чемоданд хийсэн болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Дагвадорж нь насанд хүрээгүй Ч.Ш-ийг боомилж хөнөөн чемоданд хийсэн, 32 настай, иргэн Т.З-гийн амийг өмнө нь бүрэлгэж, ханын шүүгээнд нуусныг илрүүлсэн аж.
Ц.Дагвадорж нь Ч.Ш-ийн амийг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн, тэднээр цогцсыг чемоданд хийлгэж дуу-дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн, мөн Т.З-ын амь насыг хохироосны дараа эд зүйлийг нь устгаж гэмтээсэн, түүний фэйсбүүк хаягаар бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан. Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Дагвадорж нь 16 насанд хүрээгүй Т.М-тэй бэлгийн харьцаанд орсон, Х.Энхсайхан нь тухайн хохирогчийг зуучилсан нь тогтоогдсон.
Мөрдөх байгууллага Ц.Дагвадоржийг хоёр хүн хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн, эд зүйл хулгайлсан, залилсан, хү¬ мүүсийг заналхийлсэн, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн яллагдагчаар татах санал гаргасныг НПГ-аас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Прокурор нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэрэгтэй танилцаж, цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянан, өөрийн дотоод итгэлээр түүнийг үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хараат бусаар гаргадаг” хэмээсэн байв.
Г.Орчлон