МАН-ын даргын сонгууль тойрсон “бужигнаан” үргэлжилж байна. Уг сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэний дараа Төрийн тэргүүн түүнтэй уулзаж, “Боль, үгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн тухай нэр бүхий хэвлэлд мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар өчигдөр цахим хуудсаараа дамжуулан уг мэдээллийг няцаасан байна. УИХ-ын дарга “Яриагүйг ярьсан, хэлээгүйг хэлсэн, хийгээгүйг хийсэн болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээд ажлаа зогсооно уу” гэжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн байна.
УИХ дахь бүлгийнхээ хуралдаанд намын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо Удирдах зөвлөлийн хурлаа зарлаж, асуудлаа яаралтай шийдэх санал гаргасныг олонх нь дэмжсэн тухай бид мэдээлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ долоо хоногийн сүүлчээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцохоор эх орноосоо мордоно. Түүнийг явахаас өмнө буюу энэ долоо хоногт багтаан МАН-ынхан даргаа сонгож, асуудлаа цэгцлэхээр шийдсэн байна.
С.Уул