Сонгинохайран, Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир, М.Далайхүү, Г.Энхцэцэг нарын шүүх бүрэлдэхүүн өчигдөр шүүгдэгч Н.Энхбатад холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жем молл” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг үйлдсэн юм. Нийслэлийн прокурорын хяналтын прокурор С.Баярмаа Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 10.1-2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүний амь хөнөөсөн гэх заалтыг үндэслэн Н.Энхбатад яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн. Хурлын өмнө түүнийг цагдаагийн байгууллагынхан дээрх шүүхийн байранд хуяглан авчирсан бөгөөд хуралд хохирогч эмэгтэйн аав, ээж оролцсон.
Хохирогчийн өмгөөлөгч хурлын үеэр “Миний үйлчлүүлэгчийг амьд явах боломжгүй болтол зовоосон чат, мессежүүд нь байна. Энэ бол нотлох баримт. Бид гар утсыг нь нээж үзээд, хэдэн жил ямар их дарамтад амьдарсныг нь мэдсэн. Гэтэл шүүгдэгч өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж мэдүүлж байна” хэмээсэн. Улсын яллагч ч “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон” гэдгийг тодотгосон юм.
Харин тэдний хүү нь “Намайг төрсөн цагаас хойш манай гэр бүлд аз жаргал гэж байгаагүй. Аав намайг алгадаж, ширээний булан мөргүүлж, элэгдэн, нүүр рүү хүчтэй цохиж зоддог байсан. Миний ээж тайван, зөөлөн хүн байлаа. Н.Энхбат гэдэг хүнд зодуулж, нүдүүлж, хөөгдөж, хараалгасаар насан эцэслэсэн” гэсэн мэдүүлэг өгсөн юм.
Шүүхийн хэлэлцүүлэг дуусаж, улсын яллагчаас шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноох саналтай буйгаа илэрхийлсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд уг ялаар шийтгэж, хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Мөн энэ өдөр хоёр хүний амь хөнөөсөн, насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгт холбогдсон Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хохирогч 32 настай эмэгтэйн өмгөөлөгчийн хүсэлтээр хаалттай явууллаа. Тус шүүхийн шүүгч Б.Булгантамир удирдан, НПГ-ын хяналтын прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам, хохирогчдын болон шүүгдэгч хоёр хүний өмгөөлөгчдийг оролцуулан хийсэн эл хурлаас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирогчдын болон тэдний өмгөөлөгчдийн хүсэлтийг хангахаар шийдвэрлэлээ. Насанд хүрээгүй хохирогчийн ар гэрийнхэн эл хэрэгт хохирогчоор тогтоогдсон хоёр хүнийг хэргийн хамжигч гэж үзэж буй билээ.