Эрх баригч намын бүлэглэлүүд тохиролцоогоо хийж, нэг талдаа гарчээ. Учир нь тэд Удирдах зөвлөлийнхөө хурлыг энэ сарын 20-нд буюу маргааш 11.00 цагт хийхээр товлосон байна. Тус намын дүрмийн дагуу ерөнхий нарийн бичгийн дарга нь эл хуралдааныг зарладаг. Тиймээс өчигдөр үдээс хойш Удирдах зөвлөлийн гишүүдэд энэ тухай зарыг түгээсэн аж. Удирдах зөвлөлийн гишүүд Бага хурлын товыг тогтооно. Улмаар эндээс Их хурлаа зарлаж, намын шинэ даргаа баталгаажуулна. МАНын дүрмийн 17.2-т “Намын ээлжит Их хурлын товыг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана” хэмээн заасан. Гэхдээ энэ удаа бүх шатны хурлаа шуурхайлах аж. Өөрөөр хэлбэл, Бага хурлын араас залгуулан Их хурлаа хийж, асуудлаа шийдэх юм байна.
Уг сонгуульд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөх нь тодорхой болсон. УИХ-ын даргыг уг өрсөлдөөнөөс нэрээ татсан тухай мэдээлэл гарсан ч тэрбээр цахим хуудсаараа дамжуулан няцаасан юм.
С.Уул