Иргэний зориг ногоон намын их хурал болж, үндсэн дүрэм, дотоод хөтөлбөрийнхөө шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан байна. Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуулийн дагуу намууд энэ онд багтаан дүрэм, хөтөлбөр, бүтцээ өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээгээд буй билээ.
ИЗНН-ын их хурлаар үүнээс гадна парламентад суудалтай намуудтай хэрхэн хамтран ажиллах, Засгийн газарт ямар байр суурь баримтлах тухайд шийдвэр гаргах эрхийг намын дарга Б.Батбаатарт олгосон аж. Тус нам Г.Занданшатарын Засгийн газарт нэг сайдын суудал буюу БОУАӨЯ-ыг “авсан”. Улмаар хамтарч Засгийн газар байгуулсан намууд хоорондоо гэрээ хийж, цаашид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах, бие биеийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх зэргийг тодорхой болгох ёстой гэж тус намын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар үзэж буй юм. Мөн ИЗНН парламентад дөрвөн суудалтай. Тэдгээр гишүүний нэг болох М.Нарантуяа-Нара нам нь Засгийн газарт бэлгэдлийн төдий хамтарсан учраас гарах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэгвэл энэ талаар Б.Батбаатар гишүүн “Манай намын гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй. Гэхдээ цаашид улс төрийн асуудлаар манай дөрвөн гишүүн нэгдмэл байр суурьтай байхаар тохирсон” гэв.