Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас санхүүжүүлэн, улсын хэмжээнд хэрэгжүүлдэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог энэ сарын 22-ноос тодорхойгүй хугацаагаар зогсоох болсныг гэрээт эмнэлгүүд өчигдрөөс мэдэгдэж эхэллээ. ЭМДС-гийн данс өнгөрсөн оны өдийд мөн “улайж”, эрүүл мэндийн байгууллагууд зарим тусламж, үйлчилгээгээ үзүүлэхээ больж байв. Тэгвэл нөхцөл байдал өнөө жил ч ийнхүү давтагдлаа. Сангийн хөрөнгийг захиран зарцуулагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан энэ оны эхний хагас жилээс даатгуулагчдыг өвчнийх нь түүхээр ялгаварлан гадуурхаж, тусламж, үйлчилгээг даатгалаас аль болох санхүүжүүлэхгүй байх бодлого баримталсаар ирсэн. Өдгөө бүр цагаандаа гарч, эрт илрүүлгийн санхүүжилтийг хүртэл зогсоочихлоо. Үүний улмаас даатгуулагчид төр, хувийн хэвшлийн II, III шатлалын эмнэлгүүдэд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо”-нд хамрагдаж чадахгүйд хүрэв. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь ч эдүгээ тодорхойгүй.
ЭМДЕГ-ЫНХАН САНГИЙН ТӨСВИЙГ “ЦАЦАЖ”, ИРГЭД ӨР ТӨЛБӨРИЙГ НЬ БАРАГДУУЛАХ ЁСТОЙ ЮУ
Манай улс 2022 оноос эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Үүнээс хойш иргэд, эрүүл мэндийн байгууллагууд ч “нар үзэх”-ээ болив. Сангийн орлого, зарлага сүүлийн гурван жил тэнцэхгүй өдий хүрч, ЭМДЕГ-ынхан “худалдан авсан” тусламж, үйлчилгээнийхээ төлбөрийг дийлэхээ байсан. ЭМДС-гийн өр эл хугацаанд бугшиж, нэмэгдсээр 316.8 тэрбум төгрөгт хүрэв. Уг өрийг төлөхийн тулд ЭМДС-гийн энэ оны төсвийг түүхэндээ анх удаа хамгийн ихээр буюу хоёр их наяд 293 тэрбум төгрөгөөр баталсан билээ. Үүний дагуу эмнэлгүүдийн өр төлбөрийг сарын өмнөхөн л төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, даатгуулагч та, бид төлсөн шимтгэлээсээ гадна татвараасаа сангийн өрийг давхар төлөлцсөн гэсэн үг. Тэгтэл одоо урьдчилан сэргийлэх үзлэгт ч хамрагдах эрхгүй сууна. Удахгүй эмнэлгүүд бүр “хаалгаа барьж” ч мэдэх гэнэ. Эхнээсээ хагалгааны утас, нэг удаагийн малгай, бээлий ч үгүй болцгоожээ, хөөрхий.
Тэгвэл ЭМДЕГ-ынхан “Сангийн 2025 оны төсвийг үр ашигтай зарцуулах хүрээнд нарийвчилсан хуваарь баталсан. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилт өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Тодруулбал, төрийн өмчийн эмнэлгүүдэд олгох санхүүжилт 112, хувийн хэвшлийнх 130.8 тэрбум төгрөгөөр буурсан” гэв.
Сангийн төсвийг өнөө жил нэмээд ч нэмэр болсонгүй гэдгийг дээрх баримтууд гэрчиллээ. ЭМДС-гийн зарлага нь орлогоосоо хэдийн давж, оны эцэст гэрээт эмнэлгүүдэд 260 тэрбум төгрөгийн өр төлбөрт унах урьдчилсан тооцоо ч гараад байна. Сангийн өрийг даатгуулагчид дараа жил дахиад төлнө гэсэн үг шүү дээ. Санхүүжилтийн ийм дампуу системийг юуных нь “шинэчлэл” гэх билээ. ЭМДЕГ-ынхан төсвийг дураараа “цацаж”, их хэмжээний өр үүсгэсээр, түүнийг нь татвар төлөгчид барагдуулдаг байж болохгүй.
О.Ундрах