Солонгосын Гванжу хотод өчигдөр өндөрлөсөн пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын баг тамирчид хос алтан медаль хүртлээ. Эл тэмцээнд 28 орны 176 тамирчин ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй болон холимог багийн төрөлд өрсөлдсөн юм. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьсноос эмэгтэйчүүдийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар түрүүллээ. Тэд Италийн багийг 6:2, Туркийг 5:4, эзэн орон, дэлхийн шилдэг тамирчидтай Солонгосыг 6:0-ээр буулган авсан юм. Ингэснээр Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Монголын түүхэнд багийн төрлөөр ДАШТ-д түрүүлсэн анхны харваачид болж байна. Мөн пара байт харвааны ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчид болов. Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд өмнө нь Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байсан билээ.
Үүний дараа Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар холимог багийн төрөлд өрсөлдөн алтан медалийн төлөө Италийн багийнхантай онч сорьсон юм. Тэд дэлхийн шилдэг харваачидтай орны нэг Италийн тамирчдыг хожиж түүхэн амжилтын эзэд болов.
Г.Орчлон