УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Сүүлийн өдрүүдэд улс төрийн халуун үйл явдлууд өрнөж байна. МАН-ын наймдугаар бага хурал хралдаж, бие намын даргаар сонгогдсон.
Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үйлдэлтэй гүйцэтгэх засаглалын зүгээс увайгүй, баримтгүй гүтгэж олон нийтийг төөрөгдүйлж байна.
Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэвч гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулж, бойкотолж байна. Тод жишээ гэвэл өнөөдөр 15.00 цагаас ХЗБХ хуралдах байсан. Гүйцэтгэх засаглалаас авч байгаа дарамтын улмаас хуралдуулсангүй. 10 гишүүний ирцтэйгээр хоёр цаг хүлээгээд хурал болсонгүй. Миний хувьд ХЗБХ-ны даргатай зөвшилцөн, цагдаагийн байгууллагын удирдлагуудын хамт өнөөдөр үүсээд байгаа асуудлаар мэдээлэл авах нь зүйтэй гэж үзээд байсан юм. Харамсалтай нь бойкотлогдлоо.
Дээр нь намайг гүтгэсэн этгээдүүд ирээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Ор үндэсгүй гүтгэлгүүдийн талаар ярихыг хүсэж байна. Сүүлийн хоёр жил намайг нүүрсний хулгайч мэтээр зарлаж, гүтгэлээ. Хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь битгий хэл нотлогдох нөхцөл байхгүй. Гэвч МАН-ын даргад нэр дэвшсэнээс хойш энэ үйл ажиллагаа илтэд идэвхэжлээ. Улс төрийн дарамт, дарангуйлал Монголд бүрэн тогтсоныг өнөөдөр би өөрийн биеэр харч байна. Хууль хяналтын байгууллага ч үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байгааг мэдэрлээ. Хоёр өдрийн өмнө Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж байгаагаа Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулахгүйгээр зарласан. Намайг өнгөрсөн хоёр жилийн турш ямар зорилгоор нүүрсчин болгох гэж гүтгэсний учир тайлагдсан. ХЗДХ-ийн сайдын албан тушаалаар тэр шагнуулж байгааг Монголын ард түмэн харж авсан байх аа. Би өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад дуудагдсан, гэрчийн мэдүүлэг өгсөн зүйл нэг ч байхгүй.
Парламентад суудалтай намууд ч аливаа асуудалд ул суурьтай хандаж хэлэхийг хүсэж байна. Мэдээж улс төрийн намуудад өрсөлдөөн явна. Гэхдээ баримт нотолгоонд суурилаагүй зүйлээр УИХ-ын үйл ажиллагаа доголдох нөхцөл үүсэж байгаад харамсалтай. Би АН-ын улс төрийн зөвлөл, бүлгээс гаргасан шаардлагыг хүндэтгэж байгаа. Гэвч өнөөдөр Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн, АН-ын бүлэг намайг оруулж албан ёсоор тайлбар хийлгэнэ гэдэгт итгэлтэй байна. Би 09.29-ний өдөр ЦЕГ-т гомдол гаргасан. Намайг хүн амины хэрэгт гүтгэсэн асуудлаар. Энэ хэргийн явц ямар байгаа, иргэн Амарбаясгалан холбоотой эсэхийг бичгээр хариулж өгнө үү гэж хүссэн. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт энэ асуудлыг яаравчилж өгөөрэй гэж хандсан. Магадгүй үүнээс болж түүнийг сайдаас чөлөөлөх, магадгүй Д.Амарбаясгаланд ЦЕГ-аас хариу өгүүлэхгүйн тулд хуулийн байгууллагыг дарамтласан байж болзошгүй. Өнөөдөр ХЗБХ-ны хурал зарлагдсаны хүчинд хариу ирлээ. Талийгаачид холбогдох хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан бичиг ирсэн байна. Энэ баримтад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс прокурор татгалзсан нь бий.
Намайг 30 сая ам.долларыг ковидын үед хилээр оруулж ирсэн, баримтыг нь мэдэх хүнийг “нухчихсан” гэж гүтгэснийг та бүгд мэднэ. Албан тушаалд дуртай байж болно. Гэвч эцэг хүний хувьд баймгүй ёс зүй. Энэ хэрэг прокурорын түвшинд бүрэн хаагдсан байна. Талийгаачийн ар гэрийнхэн Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад олон баримтыг тамга тэмдэгтэй нь ирүүлжээ. УИХ-ын гишүүдийн улс төрийн байр сууриа илэрхийлэх эрх чөлөө гэдэг амин чухал. Хоёр их гүрний дунд оршдог манай улс хүний эрхийг л дээдлэх ёстой. 126 гишүүнтэй парламент бүрдсэн үндсэн шалтгаан энд л оршиж байна. Парламентын засаглалаас хэзээ ч ухарч болохгүй. Өнөөдөр хуулийн байгууллага ажиллахад маш хүнд байна. Тэдэнд очиж байгаа улс төрийн дарамтаас зэвүүцэн жигшиж байгаагаа хэлмээр байна. Би энэ дунд хүч мөхөстөж байгаагаа бас зарим талаар хэлмээр байна. Өрсөлдөгчөө увайгүй гүтгэж байгаа энэ асуудалтай тууштай тэмцэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын дарангуйлал тогтож хэзээ ч болохгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. МАН олон удаа намын даргаа сонгох ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн. Хэдий маргаан зөрчилдөөн байсан ч сонгуулийн үр дүнгийн дараа бүгд мартаад хамтдаа урагшилдаг алтан зарчимтай. Харин энэ удаагийн бага хурлын сонгуулийн үр дүнгээр ялагдсан журмын нөхөр маань намынхаа нийт гишүүдийн итгэл рүү ус цацаж, намын 300 гаруй мянган гишүүний санааг чилээж, монголын ард түмэнд эргэлзээ төрүүлэх олон үйлдэл хийж байгаад нь харамсаж байгаагаа хэлье ” хэмээлээ.