УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барих гэж буй талаараа мэдээлэл өгч байна
Тэрбээр, "Би УИХ-ын хүлээсэн тангараг, бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж, ард иргэдийг төөрөгдүүлж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа Ноён Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хөндөж байна. Засгийн газрынхаа 100 хоногт юу амжуулсан талаар мэдээлэл өгсөн. Тухайн үедээ сагсан бөмбөгийн охид АНУ-ыг хожиж дэлхийн аварга болсон, шатар, бокс, математик, eSport-ийн баг амжилт гаргасан. Энэ бүхэн Засгийн газрын агуу ажил амжилт байлаа гэж ярьсан. Тайлангаа ингэж тавьж, иргэдийг бухимдуулахаас өөр зүйл хийсэнгүй.
Танилцуулсан макро түвшний тоонууд нь бүгд худал. Албан тушаалд улайрч болно. Гэхдээ олон нийтийг ингэж төөрөгдүүлж худлаа мэдээллээр хангаж болохгүй. 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд Аудитын Ерөнхий газар дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтэд, "Төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс 1 тэрбум 662.1 сая ам.доллароор алдагдалтай. Шууд хөрөнгө оруулалт 945 сая ам.доллар болж 40.6 хувиар буурсан. Эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх, тэнцлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэлтэй гэж дүгнэлт гарсан.
Мөн Ерөнхий сайд "Валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар буюу бараг 6 тэрбум ам.долларт хүрлээ" гэж мэдээлсэн. Үнэндээ гадаадаас босгосон бондууд болон арилжааны банкууд дахь валютын нөөцийг нийлүүлж, эвлүүлээд энэ дүнг хэлж байгаа юм. Валютын цэвэр нөөц хэдийнээ хасах дүн рүү орсон шүү. Тиймээс 1 тэрбум ам.долларын оффтейк гэрээг "Эрдэнэс Тавантолгой"-гоор дамжуулан шинээр байгуулах гэж байна. Үүнд би санал нэгдэхгүй.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн худалдан авах журамд өөрчлөлт оруулсан. Чалкогоос дахин зээл авах гэж байгаа агуулгатай шиг байна. Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай үүний 3.6 хувь нь хөдөө аж ахуйн салбарынх гэж байгаа юм. Энэ өсөлт өнгөрсөн өвөл зудад алдсан малаа үүнд оруулж тооцоогүй. Уул уурхайн салбар ердөө нэгхэн хувь өссөн. Өнгөрсөн жил 16 хувийн өсөлттэй байсан. Даруу хэд дахин буурсан. Мөн зургаадугаар сарын буюу өмнөх Засгийн газрын тайланг өөртөө наагаад байна. УИХ-д ч, олон нийтэд ч худал ярина. Төсвийн хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт, санхүүжилт бүгд зогссон. Эдийн засаг ямархуу хэмжээнд доройтож элгээрээ хэвтсэнийг хараарай. Төрийн сангийн данс улайчихсан. Цалин тэтгэврээ тавьж чадахгүй эргэлзээтэй хэмжээнд хүрчихсэн. ОУВС-гийнхан ажиллаад, манай улсыг дефольт зарлахад бэлэн, хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийд хэмээсэн. Эдийн засаг сайжираагүй гэдгийг харж болно. Багш, ахмадууд цалин тэтгэвэрээ нэмэхийг шаардаж байхад хэн ч тоохгүй байна.
АМНАТ-ийн талаар миний бие шүгэл үлээсэн. Гэвч намайг баримтгүйгээр гүтгэж байна. Миний бие сая гараа угаасан, гар цэвэр, сэтгэл ч цэвэр, зарчим тунгалаг байгаа шүү. АМНАТ-ийн сөхөж ярихад салбарын сайд нь "Энэ удаад л өнгөрөөчих" гэж гуйж байсан. Олон нийтийн эрх ашигт хамааралтай асуудалд дуугүй өнгөрхгүй" гэж хэлэв.