УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой талаар гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор үндэсний эв нэгдэл, алдагдаж, төрийн үйл ажиллагаа тасалдаж байна. Иймд нүүрсний хулгайн гэх хэргийг шалгуулж, гэм буруугүйгээ тогтоолгосны дараа УИХ-ын чуулганы хуралдааныг даргал гэсэн шаардлагыг парламентын дарга Д.Амарбаясгаланд тавьж байна. УИХ-ын дарга, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ өөрөө гаргахыг шаардаж байна” гэлээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, “УИХ бол Монголын ард түмний төлөөлөл. Энэ байгууллагыг цэвэр хүн удирдах ёстой. Сүүлийн үед авч байгаа мэдээллээр Д.Амарбаясгаланд хамаатай, үндэсний аюулгүй байдалд харш ч байж болохоор зүйлс харагдаж байна. Баялагтаа эзэн Монгол гэдэг үзэл санааг хэрэгжүүлэхэд УИХ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Гэтэл нүүрсний хулгайд УИХ-ын дарга өөрөө холбогдож болохгүй. Тийм учраас намын 35 гишүүн АН-ын гишүүдийн шаардлагад нэгдэж байна. Засгийн газрыг тогтворгүй болгох байдлаар үүнийгээ аргалах бол нийгмийн байдалд сөргөөр нөлөөнө” хэмээв.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа "УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний элч байдаг. Бид УИХ-ын гишүүнээр сонгогдон тангараг өргөхдөө, Монгол Улсын нийт ард иргэд, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө Үндсэн хуулийг эрхэмлэн сахиж, авлига ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид байна гэж тангараг өргөсөн.Тиймээс УИХ-ын гишүүний хувьд авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын даргад зарчмын шаардлага бүхий албан бичгийг хүргүүлж байна. Бид Монгол төрийн нэр хүнд, ард түмний төрдөө итгэх итгэлийг өндөрт өргөж явах ёстой хүмүүс. Ард иргэдийн амьдрал хүнд байна. Төр засагтаа итгэх итгэл алдарч байна. Энэ цаг үед бид аливаа албан тушаалын төлөө, улс төрийн намын эрх ашгийн төлөө биш ард түмнийхээ төлөө зогсох ёстой гэж үзэж байна. Тийм ч учраас энд зогсож байгаа гишүүдтэйгээ нэгдсэн." гэлээ.