МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон хуралд оролцоогүй гишүүд өчигдрийн хурлыг дүрмийн бус, хууль зөрчсөн гэдгийг хэлсэн. Харин өнөөдөр У.Отгонбаяр тэргүүтэй МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгосон байна. Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг гишүүд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "УИХ дахь МАН-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр зохион байгуулагдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, намын бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх саналаар миний биеийг МАН-ын бүлгийн даргаар сонголоо.
Хоёрдугаарт, МАН-ын бүлэгт ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Учир нь Монгол Улсын засгийн газраас УИХ-д 2025 оны 9 сарын 1-нд Монгол улсын 2026 оны нэгдсэн төсвийг өргөн барьсан. Хуулиараа бид ирэх оны төсвийг 11 дүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэж, шийдвэрлэх үүрэгтэй. Иймд оноос өмнө ирэх оны төсвөө яаралтай шийдвэрлүүлэхийг шаардах ажлын хэсгийг байгуулна. Өөрөөр хэлбэл, төрийн ажлыг цаг хугацаанд шийдвэрлэх шаардлагыг тавих юм" гэх мэдээллийг өглөө.