МАН-ынхан хоёр хуваагдаад удаж буй. Эл талцал нь явсаар огцруулж болох бүх даргаа суудлаас нь унагах бололтой. УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн уржигдар даргагүйгээр хуралдаж, “Нэг талыг барин ажиллаж байна” гэсэн шалтгаанаар дарга Ж.БатЭрдэнийг огцруулах шийдвэр гаргасан юм. Уг хуралдааныг МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр ахалсан байна. Улмаар өчигдөр тэд дахин ээлжит бусаар хуралдаж, бүлгийн шинэ даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгожээ. УИХ-ын даргыг огцруулах тогтоолд МАН-аас 35 хүн гарын үсгээ зурсан. Харин өчигдрийн хуралдаанд ч, бүлгээ хуралдуулах шаардлагад ч 38 хүн нэгдсэн нь нөгөө талынхан гурван хүнээ энэ “баг”-т алдсан гэсэн үг бололтой. Тэгвэл нөгөө талд нь Ж.Бат-Эрдэнэ тэдний хуралдааныг ч, шийдвэрийг ч дүрмийн бус гэж үзэж буй юм. Д.Амарбаясгалангийн талынхан эвлэрч, зөвшилцөх, улмаар огцруулах саналуудаа буцаан татах шийдэл санал болгож буй. Учир нь Ерөнхий сайдыг огцруулахад тэдэнд 10 гаруй хүний санал дутсан, эсрэгээр нөгөө талд нь 67 гишүүн нэгдсэн тул УИХ-ын дарга огцрох нь цаг хугацааны асуудал болоод байна. Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлэг хоёр даргатай болов. Тэдний байр суурийг хүргэе.
Ж.БАТ-ЭРДЭНЭ: ДҮРМИЙН БУС ХУРАЛДААН БАЙСАН, БИ ОГЦРООГҮЙ
Намын бүлгийн хуралдааныг зөвхөн дарга зарлах дэгтэй. Манай бүлгийн олонх болсон гишүүд шаардлага тавьсан, бид тэдэнд лхагва гарагт 12.00 цагт хуралдааныг хийх зар хүргэсэн. Гэвч дэд дарга У.Отгонбаяр тэргүүтэй хүмүүс мягмар гарагт хуралдаж, намайг огцруулах шийдвэр гаргасан байна. Тиймээс уг хуралдаан нь ч, гаргасан шийдвэр нь ч дүрмийн бус. Ийм алхам хийснээрээ бүлгийг албан ёсоор хоёр хувааж буйг нь би тэдэнд сануулсан. Долоон жилийн өмнө манай нам 32:33-аараа яг ингэж талцсан. Нэгэнт талцсан бол буцаж эвлэх хэцүү, тиймээс намын удирдлага, менежерүүд ийм зүйлээс үргэлж урьдчилан сэргийлэх ёстой гэсэн сургамжийг бид эндээс авсан. Би бүлгийн даргын хувьд эвлэрүүлэх, зөвшилцөх талд ажилласаар яваа. Бүлэг эвтэй, нягт байж улс төрийн зөв шийдвэр гаргадаг. Би ноён нуруугаа хугалж, нэг хэсэг нөхдөө хаян байж сайд нарын төлөө явдаг хүн биш.
Удирдах зөвлөл бямба гарагт хуралдаж, улс төрийн нөхцөл байдлын талаар шийдвэрээ гаргана. Үүний дараа бүлэг даваа гарагт ээлжит хуралдаанаа хийх болно.
Ж.БАТЖАРГАЛ: ДҮРМИЙНХЭЭ ХҮРЭЭНД Л АЖИЛЛАЖ БАЙНА
-Манай бүлэг ээлжит бусаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн. Юуны өмнө 36 хүний саналаар намайг даргаар сонголоо. Мөн ирэх оны улсын төсвийг бид арваннэгдүгээр сарын 15-нд батлах ёстой. Хуулийн хугацаа тулж байгаа учраас төрийн ажлыг гацаахгүй үргэлжлүүлэхийн тулд төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгууллаа. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны дарга нар мягмар гарагт уулзаж, багш, эмч нар болон ахмадуудаас тавьж буй саналыг хэлэлцсэн. Улмаар эмч, багш нарын цалинг 15, ахмадын тэтгэврийг найман хувиар нэмэх тооцоолол хийсэн. Үүнийг ажлын хэсэг дээрээ ярилцаад, төсвийн төсөлд тусгах талаар Сангийн яам, ЭЗХЯ-тай хамтран ажиллана.
Бүлгийн даргыг огцруулж, сонгох асуудлыг зохицуулсан хууль, дүрэм бий. Бид бол нэг бүлэг, дүрмийнхээ хүрээнд л ажиллаж байна.
С.Уул