Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг Налайх дүүргийн VI хорооны нутаг, Тэрэлжийн гүүр орчимд явж байхад нь цагдаагийнхан өчигдөр саатуулжээ. Улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг нь шалгаж буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэнд яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэсүхийг хүлээлгэж өгсөн гэнэ. Түүнийг эхнэр О.Нарангаравыг 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.7-1, 11.7-2-т заасан “Гэр бүлийн хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй билээ. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолыг Б.Эрдэнэсүхэд танилцуулах ажиллагаа явуулахаар болоход тэрбээр оршин суух хаяг дээрээ байгаагүй бөгөөд тээврийн хэрэгсэлтэйгээ Улаанбаатар хотоос гадагш явсан тухай мэдээлэл хууль сахиулагчдад ирсэн аж. Үүний дагуу холбогдох ажиллагааг хийснээр Тэрэлжийн гүүр орчимд явж байхад нь саатуулсан байна. Улмаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа мөрдөгч нь прокуророор дамжуулан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Тус шүүх Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн Б.Эрдэнэсүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг хэлэлцээд 30 хоног саатуулахаар шийдвэрлэлээ.