УИХ дахь МАН-ын бүлгийн дотоод зөрчил үргэлжилж байна. Ж.Батжаргал даргатай буюу олонх хэсэг нь өчигдөр хуралдаж, ирэх оны төсвийн төслийн талаар хэлэлцэв. Тэд багш, эмч нарын цалин болон тэтгэврийг нэмэхийн тулд багадаа 820 тэрбум төгрөг хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Хасаж болохгүй, хуультай зардлууд бий. Тиймээс төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн урсгал зардлаас тус бүр 10 хувийг хасах санал гаргаж байгаа. Засгийн газрын түвшинд төсвийг өөрчлөх боломжгүй. Тиймээс УИХ засна” гэлээ. Ж.Батжаргал нь “Бүлэг бол УИХ-ын бүтцийн байгууллага, гишүүдийн олонх нь ирсэн бол хуралдах заалттай. Өнөөдөр 37 гишүүн хуралдаанд оролцсон, тиймээс хүчинтэй” гэсэн тайлбар хийсэн. Мөн Ерөнхийлөгчийн хоригийг “Ардчилал, Үндсэн хуулиа хамгаалсан том шийдвэр. УИХ алдаагаа засах боломж” гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Тэгвэл нөгөө талд “хуучин” дарга Ж.БатЭрдэнэ бүлгээ хуралдаагүй гэж үзэж байна. Тэрбээр “МАН-ын дарга Д.Амарбаясгалан, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар уржигдар уулзаж, Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийн хуралдаанаа түр хойшлуулах шийдвэр гаргасан. Тиймээс бүлгийнхээ хуралдааныг зарлаагүй. Манай бүлэг нэг л даргатай хэвээр байгаа” гэв. Нөхцөл байдал ээдрээтэй байгаа учраас Удирдах зөвлөлөөс “чиглэл” гарахыг хүлээж буй аж. Гэсэн хэдий ч олонхынхоо хуралдаанаар “зочилж”, Ж.Батжаргал даргатайгаа зэрэгцэн суугаа зураг нь нийгмийн сүлжээгээр цацагдсан. Энэ талаар “Зарим гишүүнтэй орж уулзаж, цаашид яахаа ярилцсан” гэлээ.