МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнээ шинэчлэн баталсан. Улмаар уржигдар Бага хурлын анхдугаар хуралдаан болж, Удирдах зөвлөлийн 39 гишүүнээ шинээр сонгосон юм. Их хурлын үр дүнгийн талаар МАН-ын шинэ дарга Н.Учрал, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар өчигдөр мэдээлэл хийв. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчилж дууссан, үүгээр ёс зүйтэй, нээлттэй нам байх зарчмаа тусгасан гэнэ. Мөн намын бүх шатны удирдах байгууллагад эмэгтэйчүүд 40 хувь байхаар хуульд нийцүүлж, үүний дагуу шинэ бүрэлдэхүүнүүдээ сонгосон юм байна. Мөн удирдах байгууллагад анхан шатны төлөөлөл 25 хувь байх заалтаа баталгаажуулжээ. МАН-ын дарга Н.Учрал “Намын дэргэд мөрийн хөтөлбөрөө үнэлж, дүгнэн хариуцлага тооцох зорилгоор тодорхой чиглэлээр байнгын хороод байгуулна. Мөн “И-4” стратегийн бодлого санал болгож, гишүүдээрээ батлууллаа. Ингэснээр өнөөдөр үүсээд буй авлига, албан тушаалын хэрэгт холбогддог байдлыг тогтолцоогоор нь өөрчилнө. Их хурлаас Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлийг Бага хуралд өгсөн. Би эл Засгийн газрын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж буй, үйл ажиллагааны хөтөлбөрийн 72 хувьд манай намын бодлого туссан. Авлигатай тэмцэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах чиглэлээр бид ажиллаж байна. Тиймээс Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал” гэлээ.
Ингээд сэтгүүлчид тодруулав.
-Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцээс тогтоосон гишүүн Х.Булгантуяаг яагаад багтаасан юм бэ?
Н.Учрал: -Удирдах зөвлөлд тодорхой албан тушаалтан болон нийслэл, аймаг, анхан шатны болон намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтдаг. Х.Булгантуяа Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувиар Удирдах зөвлөлд багтаж буй юм.
-УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөсөн хэвээр үү, яаж шийдэв?
-ХЕХ шинэ бүрэлдэхүүнээр хуралдаж, даргаа тодруулсан. Б.Энхбаяр гишүүний асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай.
-Ц.Анандбазарыг Бага хурлын гишүүнээр сонгосон юм уу?
Я.Содбаатар: -Гурван жилийн өмнө тодорхой асуудалтай холбоотойгоор Ц.Анандбазарыг намын гишүүнээс түдгэлзүүлсэн. Ингэхдээ хугацаа заасан. Түүнийг тухайн хэрэгт холбоогүйг тогтоосон учраас намын гишүүнчлэл нь сэргэсэн. Булган аймгийн намын хороо дэмжээгүй учраас Ц.Анандбазарыг Бага хуралд сонгоогүй.
С:Уул