Энэ оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 41 844 гэмт хэрэг бүртгэгдсэний 35.1 хувийг залилах гэмт хэрэг эзэлж буй юм. Үүний 72.3 хувийг цахим орчинд үйлдэж, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг холбогдох албаныхан мэдээлэв. Иймд тус байгууллагаас “Хашир бай” мэдээлэл, нөлөөллийн аяныг энэ сарын 20-ноос улсын хэмжээнд эхлүүлсэн байна. Цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж, фэйсбүүк хаягаа алдах, телеграм ашиглан даалгавар биелүүлэх, зээлийн эрх нэмүүлэх зэргээр хууран мэхэлж үйлдэж буй залилангийн гэмт хэргийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэгийг тэлэх зорилгоор уг аяныг санаачилсан аж.
Ташрамд, энэ оны эхний арван сарын байдлаар хохирсон иргэдийн 11.6 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 691 хүнд 1.6 тэрбум төгрөг нөхөн төлүүлсэн байна.
Ч.Туяа