МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр цахимаар хуралдаж, Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг томилуулах шийдвэр гаргажээ. Уг албан тушаалыг хашиж байсан Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсон учраас ийнхүү өөр хүн томилох гэж буй юм. Харин Ж.Энхбаярын оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилох нь. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Эдгээр улс төрчийг туршлага, чадвартай хэмээн Засгийн газрын тэргүүн үнэлсэн гэнэ.
Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХын даргын ажлаас чөлөөлөгдсөнөөс эхлээд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэр “суларсан” орон тоо бүрд дуулдаж байсан билээ. Эхлээд УИХ-ын даргад “горилж” байсан бол ийнхүү Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалд “тунаж” буй аж. Удирдах зөвлөлийн дээрх шийдвэрийг МАНын бүлгийн өчигдрийн хуралдаанд танилцуулсан байна. Мөн энэ долоо хоногт багтаан Ерөнхийлөгчид болон нэгдсэн чуулганд танилцуулснаар сайд нар ажилдаа орох нь. Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ талаар “Шаардлагатай бол ээлжит бус чуулган хийж, танилцуулна. Төрийн ажил тасралтгүй үргэлжилж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой” гэлээ.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 22- нд дууссан. Төв банкны тухай хуулийн 26.1-д заасны дагуу УИХ-ын дарга дараагийн хүний нэрийг өргөн мэдүүлэх учиртай. Тэгвэл МАНын бүлгийн өчигдрийн хуралд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох санал гаргасныг гишүүд нь дэмжжээ.
С.Уул