“Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөнийг өчигдөр СЕХ болон Нээлттэй нийгэм форумаас зохион байгууллаа. Үүгээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, бусад улсын туршлага, ил тод байдал, санхүүжилт, түүнд тавих олон нийтийн хяналтын талаар хэлэлцэв. Намуудын төлөөлөл, судлаачид, мөн төрийн байгууллагуудаас уг зөвлөгөөнд оролцжээ. Улс төрийн намын эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт, тулгарч буй сорилтын талаар улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од танилцуулсан.
Дэлхий даяар 1950-иад оноос улс төрийн намуудын эрх зүйн орчны талаар ярьж, ХБНГУ 1965 онд энэ чиглэлийн бие даасан хуулиа баталжээ. Намын эрх зүйг ерөнхий, дотоод, бичигдээгүй ёс зүйн хэм хэмжээний гэсэн гурван түвшинд хувааж үздэг гэнэ. Манайд эдгээр түвшинд хууль хэрхэн хэрэгжиж буйг тэрбээр танилцуулав. 1990 онд БНМАУ-ын улс төрийн намуудын тухай хуулийг анх баталжээ. Үүнийг “шилжилтийн” хэмээн тодотгодог аж. Мөн 1992 оны Үндсэн хуулиар улс төрийн орчныг зохицуулж, 2005 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулсан. 2019 оны Үндсэн хуулиар мөн тодорхой өөрчлөлт хийж, үүний дагуу 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан байна. Тэгэхээр улс төрийн намын харилцааг ерөнхий олон хуулиар зохицуулдаг байх нь. Нам өөрийгөө санхүүжүүлдэг зохицуулалт 1996 он хүртэл үйлчилж, үүнээс хойш төрөөс дэмжлэг авдаг болсон аж. Мөн намууд яаж санхүүждэгийг олон нийт мэддэггүй, гишүү дийн тоо тодорхойгүй зэрэг олон асуудал байсныг шинэчлэн найруулахдаа “засаж”, хариуцлагатай, ил тод, дотоод ардчилалтай болгох зохицуулалт оруулсан байна. Судлаач Э.Гэрэлт-Од “Улс төрийн намуудын эрх зүйн орчин амьд бус байсныг 2023 оны хуулиар зассан” гэсэн юм.