Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболорын захирамжаар дахин цагдан хорилоо. Түүний эхнэр О.Нарангарав өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, “Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг зөрчиж байгаа талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хүүхдээ шоронд хатаана, овгоо солиорой гэдэг шахалт үзүүлсэн” хэмээн өгүүлсэн.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэсүхийг хилээр гарахыг болон тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд цагдан хорих санал хүргүүлсэн аж. Шүүх цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэргийн баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.4 дэх хэсгийн “урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзжээ.
Г.Орчлон