ХҮН намын ээлжит VIII Их хурал бямба гарагт болж, үндсэн дүрмээ хэлэлцжээ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхээр батлуулах ёстой. Үүний дагуу тэд дүрмээ хэлэлцэн баталсан байна. Мөн намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийг сунгах, эсэхийг шийдэв. Тус намын Их хурлын төлөөлөгчдийн 91.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжилсан аж. Ийнхүү түүний бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээр сунгасан байна.
Харин тус намын ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэрбээр сүүлийн таван жил уг албыг хашсан бөгөөд энэ тухай ажлын тайлангаа Их хурлын төлөөлөгчдөдөө танилцуулсан гэнэ. Түүний оронд Д.Гантулгыг ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна. Тэрбээр 2015-2020 онд ХҮН намын генсекээр ажиллаж байсан туршлагатай юм.