Террил Атиензагийн гэр бүл УЕП-т хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ өглөө. Тодруулбал, Монгол Улсад 14 жилийн өмнө амиа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиенза агсны нөхөр, хоёр охин өчигдөр /12.16/ Монголд ирсэн билээ. Хэргийн материалтай зөвхөн ар гэрийнхэн танилцаж, сэргээх хүсэлтийг өгөх боломжтой байдаг тул тэд уг хүсэлтийг УЕПГ-т өнөөдөр өгчээ.
Талийгаачийн том охин "Монголын ард түмний тусламжтайгаар Монголд ирлээ. Та бүхэндээ баярлалаа. Мөн сэтгүүлч С.Будрагчийн ачаар ээжийнхээ хэргийг дахин шалгуулахаар болсон. Маш олон жил өнгөрсөн ч энгийн иргэнд шударга ёс үйлчлэх орон зай Монголд байгаа гэдэгт итгэж байна. Ээжийн маань хэрэгт хүн ёсоор хандана гэж найдаж байна. Ээжийг минь анх ямар байдлаар Монголд орж ирсэн болон Сэргэлэн гэдэг хүний дор ямар нөхцөлтэйгөөр ажиллах болсон хөдөлмөрийн гэрээг нь шалгуулах хүсэлтэй байгаа.
Мөн ээж минь Монголд ирсэн нь хүний наймааны хэрэг байсан уу? . Энэ хэрэгтэй холбоотой гэрчийн мэдүүлэг болон цагдаагийн бүртгэл, шүүх эмнэлгийн баримт бичгүүдийг харж, дахин шалгуулах хүсэж байна. Монгол улсын засгийн газар энэ хэргийг хаалгүйгээр, хүн ёсны шударга байдлыг тогтоож хүлээж авна гэж найдаж байна. Ээжийгээ буцаан амьдруулах боломжгүй. Гэхдээ та бүхний сэтгэлийн дэм, туслалцаагаар өөрсдийн сэтгэлийг амар амгалан болгох нөхцөл бүрдэх байх гэж найдаж байна.
Уг хэргийг шалгахад бидний зүгээс хэрэгтэй нотлох баримтыг бүрэн хэмжээгээр өгөхөөс гадна, мэдүүлэг өгөх шаардлагатай бол өгнө. Хэргийг шударгаар, үнэн зөв шийднэ гэж найдаж байна " гэлээ.