Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүүхийн сахилгын хороо 28 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулжээ

Шүүхийн Сахилгын хорооныхон үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш анх удаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Шүүхийн Сахилгын хороо байгуулагдан, бүрэн эрхээ хэрэгжүүлээд хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “ ... Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж заасны дагуу Шүүхийн ёс зүйн хорооноос 283 гомдол хүлээн авч,  шинээр иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс 210 өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлээд байна.

Үүнээс 295 өргөдөл, мэдээллийг хуульд заасан сахилгын зөрчлийн шинжгүй гэж үзэж Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, 194 өргөдөл, мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэсэн, мөн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хуралдаанаар хэлэлцэн сахилгын хэрэг үүсгэсэн 20, мөн Шүүхийн ёс зүйн хорооноос шилжиж ирсэн 10 хэрэг, нийт 224 сахилгын хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад байна.

Сахилгын хорооны хуралдаанаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт 31, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал 175 хянан хэлэлцэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар /давхардсан тоогоор/ 28 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан.

Нийт 28 сахилгын шийтгэлээс нээлттэй сануулах 13, цалингийн хэмжээг 6 хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах 9, шүүгчийн бүрэн эрхийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суулгахыг даалгах 1, огцруулах 5 шийтгэл оногдуулсан байна.

Шийтгэл оногдуулсан сахилгын хэргийг агуулгаар нь авч үзвэл , Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн Ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн 11 хувь, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй” 42  хувь, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш удаагаар зөрчсөн” 21 хувь, мөн хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах, албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, хувийн хэрэгцээнд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээх зэрэг зөрчлүүд илэрч шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан байна.