“Оюу толгой” ХХК-аас 2024 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Дээрх хугацаанд гүний уурхайн олборлолт нэмэгдэж, зэсийн үйлдвэрлэл найман хувиар өсжээ. Гүний уурхайгаас 1.67 хувийн зэсийн дундаж агуулгатай 1.3 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.39 хувийн зэсийн дундаж агуулгатай 9 сая тонн хүдэр тус тус олборложээ. 2013 оноос хойш 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар ус ашигласны төлбөрт нийт 174 тэрбум төгрөг төлжээ. Энэ хугацаанд ус дахин ашиглалтын хувийг 89.6-д хүргэсэн байна.
Тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Дээрх санхүүжилтын 43 хувийг боловсрол, 36 хувийг дэд бүтэц, 13 хувийг эрүүл мэнд, 3 хувийг түүх соёлын төслүүдэд зарцуулжээ. 2024 оны нэгдүгээр улиралд нийт 629 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн. 2010 оноос хойш нийт 10.9 их наяд төгрөг зарцуулжээ. Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалтад 693 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллалаа. Үүнд 1.2 их наяд төгрөгийг зарцуулсан бол Өмнөговь аймагт бүртгэлтэй 88 ханган нийлүүлэгчээс 220 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээ авчээ.
Түүнчлэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн А/49 дугаар тушаалаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт (Журмын нэмэлт)-ийг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдаж, үр дүнд хүрсэн” тухай онцоллоо. Тодруулбал, дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэрийн суурь шалтгааныг тогтоох болон дараагийн алхмуудыг тодорхойлох зорилгын хүрээнд “Оюу толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (ҮЭХ)-ны төлөөллөөс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.
Хамтарсан ажлын хэсэг 2024 оны гуравдугаар сарын 6-20-ны өдрүүдэд ажиллан, шийдвэрийн суурь шалтгааныг тогтоох үндэслэлийн талаар хамтарсан дүгнэлт гаргасан аж. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хамтарсан ажлын хэсэг нийтдээ 21 удаа хуралдаж, сүүлийн хоёр хурал ҮЭХ-ны бүх тэргүүлэгчдийн хамт өргөтгөсөн байдлаар хийв. Улмаар дараахь шийдвэрт хүрчээ.
- “Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтны үндсэн цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс дөрвөн хувиар нэмж, 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс олгох;
- Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд “Оюу толгой” ХХК-ийн ажилтнаас гадна нэмэлтээр гэр бүлийн хоёр хүртэлх гишүүнийг 2024 оны наймдугаар сард багтаан хамруулах;
- Ажилтны эрүүл мэнд, сайн сайхан байдалд зориулан амралт сувиллын хөнгөлөлт болох 1,000,000 (нэг сая) төгрөгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс 1 (нэг) жилийн хугацаанд ээлжийн амралтаа биеэр эдлэх эсхүл ростерийн амралтын үед 1 (нэг) удаа олгох;
- Байнга ажилладаг газар болон гэрийнхээ хооронд өдөр тутам ирж буцах боломжтой ажил амралтын хуваарьтай ажилтны хоол унааны зардалд нэмэр болох зорилгоор олгодог Хоол, унааны хөнгөлөлтийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр нэмэх;
- Инженер техникийн ажилтнуудын албан тушаалын зэрэглэлийг нягтлах, Рио Тинтогийн жишгийг харгалзан өөрчлөлтийг оруулах зорилго бүхий төслийн цар хүрээ болон төлөвлөгөөг боловсруулах хамтарсан ажлын хэсгийг байгуулах ажлуудыг 2024 оны 2 дугаар улиралд багтаан хийх, 2024 оны 3 дугаар улиралд багтаан албан тушаалын зэрэглэлийн өөрчлөлтийн хэрэгжилтийг эхлүүлэх;
- Ажилтны илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг тооцоход хэрэглэх “дундаж цалин хөлс”-ний бүрэлдэхүүнийг дараах байдлаар 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс тооцох бөгөөд энэ бүрэлдэхүүнийг “Оюу толгой” ХХК-ийн цалингийн систем болон холбогдох журамд тусгана. Үүнд:
- Үндсэн цалин;
- Уртын ээлжийн нэмэгдэл;
- Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл;
- Засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл хөлс;
- Зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл хөлс;
- Ээлжийн амралтын цалин.
Хамтарсан ажлын хэсэг болон ҮЭХ-ны тэргүүлэгчид ийнхүү олон удаагийн хурал уулзалтыг хийн, хамтран ажиллаж, өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь ярилцаж, харилцан ашигтай байх шийдлийг гаргасан гэж үзжээ.