Биатлоны ДАШТ өндөрлөлөө. Италийн Милан хотод 2026 онд болох өвлийн олимпын наадмын өмнөх энэхүү чухал тэмцээн нь Й.Бе, Ф.Пройс, Э.Жаклен, Д.Вирер зэрэг олон шилдэг тамирчны хувьд сүүлчийнх нь болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл домгуудыг залгамжлах шинэ залуу тамирчид хэр олон байна вэ. Биатлоны ертөнцийн ирээдүй дараах тамирчдын гарт гэрэлтэж байна гэж хэлж болно.
Онцлох тамирчин Стурла
Ах, дүү Бе зодог тайлсны дараа Норвегийн шигшээ багийг нуруундаа үүрэх гол тамирчин бол Стурла Легрейд юм. Түүнд хийх ажил их байгаагаас гадна олон сүрдэм амжилт ч хүлээж буй.
Тэрбээр энэ улиралд “Дэлхийн цом”-ын тэмцээнд нийлбэр дүнгээр түрүүлэх бүрэн боломжтой. Ингэснээр Стурла карьерынхаа туршид үргэлж хоёрт бичигдсэн гэсэн шүүмжлэлийг үгүй хийж чадах юм. Ингээд зогсохгүй өдгөө 28 настай норвег тамирчин ирэх жил олимпын аварга ч болох чадамжтай. Түүний оргил үе ирэх хоёр жилд тохионо гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.
Норвегийн шигшээ багт Й.Бе шиг супер од төрөх найдвар хараахан байхгүй ч Франц, Шведийн багтай ач тач үзэх В.Сёрум, Э.Стрёмсхейм, М.Улдаль нарын чансаатай биатлончид гарч ирж байна.
Шинэ ханхүү Перро
Энэ жил 23 настай Эрик Перро биатлоны ертөнцөд чамгүй дуулиан дэгдээж буй. Ленцерхайдэд тэрбээр ганцаарчилсан ангилалд ДАШТ-ээс анхны алтан медалиа хүртсэн. Түүнчлэн эрэгтэйчүүдийн буухиа төрлөөс мөнгө, хүрэл медаль авсан амжилттай.
Э.Перрогийн хурд болон амбиц нь дээд түвшнийх. Буудлагын онч нь онц сайн буюу 91 хувьтай байна. Энэ улиралд нөөц боломжоо тултал ашиглаж буй К.Фийон Майе, Э.Жакленаас гадна Э.Перро бол Францын шигшээг ирээдүйд тэргүүлэх гол “нэр дэвшигч” юм.
Ширүүн өрсөлдөгч
Томми Дараагийн хоёр олимпын мөчлөгт өмнө дурдсан тамирчидтай ширүүн өрсөлдөх биатлонч бол Италийн Томмазо Жакомель. Тэрбээр ДАШТ-д дөрвөн удаа оролцохдоо хамгийн өндөр амжилтаа энэ жил үзүүллээ.
Түүнчлэн Томми “Дэлхийн цом”-ын анхны ялалтаа саяхан байгуулсан. Итали тамирчин хэрэв тогтмол оновчтой бууддаг болбол илүү өндөр амжилтад хүрэх нь гарцаагүй. Гэхдээ нутаг нэгт Л.Хофер, Д.Виндиш нарын хүрээгүй өндөрлөгт хүрэх боломж Томмид бий. Нэмж дурдахад, алдартай тамирчин болоход зайлшгүй шаардлагатай олныг өөртөө татах увдис түүнд хангалттай заяажээ.
Буухиаг үргэлжлүүлэх Жанмонно
Эмэгтэйчүүдийн биатлоны төрөлд франц бүсгүйчүүд цаашид ч давамгайлсаар байх төлөвтэй. Тэгвэл тус улсын шигшээ багийн гол лидер нь Лу Жанмонно байх болно.
Тэрбээр ДАШТ болон олимпын наадмаас ганцаарчилсан төрөлд алтан медаль хараахан хүртээгүй байна. Түвшин ойролцоо өрсөлдөгчидтэй харьцуулахад тэрбээр энэ удаагийн ДАШТ-д боломжоосоо доогуур оролцсон. Гэхдээ түүнд энэ жилийн “Дэлхийн цом”-д түрүүлэх бүрэн боломж бий.
Францын багийг сөрөгч
Эгч, дүү Эбергийн отгон нь болох Эльвира энэ жилийн ДАШТ-ий бөөн гараанд түрүүлсэн. Хэрэв ДАШТ-ий өмнө өвдөөгүй бол багадаа 2-3 алтан медаль хүртэх боломж түүнд байсан билээ.
Гэхдээ энэ удаад хүртэж чадаагүй медалиудаа Эльвира 2027 онд “нөхөж” авахын төлөө бэлтгэлээ хийх нь гарцаагүй юм. Мөн 2022 оны олимпын наадмаас хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаа ахиулж, 2026 онд Миланаас алтан медаль хүртэхийг зорино. Ташрамд дурдахад, ирэх жилүүдэд биатлон сонирхогчид Э.Эберг, Л.Жанмонно нарын ширүүн өрсөлдөөний гэрч болох биз ээ.
Эцэст нь өгүүлэхэд, Швейцарын Ленцерхайд хотод өндөрлөсөн 2025 оны биатлоны ДАШТ-д багийн дүнгээр Францын шигшээ (нийт 13 медаль, үүнээс зургаа нь алт) тэргүүлж, Норвег (есөн медаль), Шведийн баг (дөрвөн медаль) удаалжээ.
Н.Энх