Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан залуучуудын ДАШТ-д манай улсын жүдочид Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Цагаанбаатарын удирдлагад оролцож, 78 орны 574 тамирчинтай өрсөлдөв. Энэ оны сүүлийн ДАШТ-д хүч сорьсон тэднээс эхний өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Айчи Нагоя-2026” Азийн наадмын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Т.Ариунзаяа аваргын төлөө Киргизстаны тамирчин, дэлхийн чансааны эхний дөрөвт эрэмбэлэгддэг Жана Жолдошеваг үндсэн цагт сугадаж тонгорох мэхээр цэвэр ялж түрүүллээ. Багийнхаа шагналын салхийг алтан медалиар хагалсан тэрбээр Монголын жүдо бөхийн 50 жилийн түүхэнд өсвөр үе, залуучуудын ангилалд тус бүр дэлхийн аваргаар тодорсон анхны тамирчин болсон юм. Манай тамирчин түүнтэй хоёр жилийн өмнө Тажикистаны Душанбе хотод болсон ДАШТ-д таарахдаа хожиж, медалиас мулталж байв.