Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар Улаанбаатар хотын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны гүйцэтгэлийг хэлэлцэв. Монгол Улсын хүн амын талаас илүү нь ажиллаж, амьдарч, татвар төвлөрүүлдэг нийслэл хотын ахуй амьдралтай холбоотой чухал асуудал хэлэлцэж байхад 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв захиран зарцуулдаг дүүргүүдийн Засаг дарга нар хуралдаа суухгүй, ирц хангалтгүй байгааг энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчид эрс шүүмжилжээ. Тухайлбал, төлөөлөгч О.Зундуйдорж “Сүхбаатар дүүргийн Засаг дарга гэхэд л энэ жил 240 тэрбум, Хан-Уул дүүргийн Засаг дарга 200 тэрбум төгрөгийг захиран зарцуулж байна. Үер усны аюул нийслэлд хаа сайгүй. Наадмын дараа намар, өвлийн бэлтгэл хангах их ажил ундарна. Иргэд Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нараас хариуцлага нэхдэг. Гэтэл хог шороо, үер ус, зам, утаа, цэцэрлэг, сургуулийн хүртээмж зэрэг нь бүгд дүүргийн Засаг дарга нарын хариуцаж хийх ажил. Нийслэлийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх бүх эрх мэдлийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Тиймээс есөн дүүргийн Засаг дарга нар төсвийн зарцуулалтаа иргэдэд болон нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллагадаа ирж танилцуулах үүрэгтэй” хэмээн хатуухан донгодсон байна.
Энэ дагуу нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр цаашид ээлжит болон ээлжит бус хуралдаанд есөн дүүргийн удирдлага ирц бүрэн оролцож, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг тэмдэглэлээр үүрэг болголоо.
Г.Сансар