"Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Т, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С нар хүн зодож, хүнд гэмтээсэн талаарх мэдээллийг бид өмнө мэдээлсэн. /Өмнөх мэдээлэл унших бол энд дар/
Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээллээ. Тэрбээр, "Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг хэргийг харьяа цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж, шалгалтын ажил үргэлжилж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нарыг холбон шалгаж байна.
Олон нийтийн сүлжээнд улстөрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл түгээд байна. Үүнийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээллийг одоо өгөх боломжгүй байна.
Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхэд журмын дагуу цагдаагийн байгууллагаас тест тавьж ажилласан. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалтын явцад бүх зүйл тодорхой болно. Мөн дээр дурдсан хоёр иргэнээс гадна өөр хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа нь үнэн. Хохирогчийн биеийн байдал сайнгүй, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэлтэй байна.
Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар мөрдөгч хэргийг тал бүрээс нь бүрэн бодиттой нотлох ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд камерын бичлэг байгаа эсэхийг тодруулах, гэрч болон бусад шаардлагатай ажлуудыг хийнэ. Хэрэв камерын бичлэг байгаа бол нотлох баримтын хэмжээнд хурааж аваад мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ" гэх мэдээллийг өглөө.