Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)ийнхөн авто замын дэд бүтэц, түгжрэлээс шалтгаалан “AirTruck” буюу тусгай ложистикийн дрон ашиглан цус, цусан бүтэгдэхүүнийг хэрэгцээт эмнэлгүүдэд түргэн шуурхай тээвэрлэх төсөл хэрэгжүүлж буй билээ. Тус төв нь 70 гаруй эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүн нийлүүлдэг. Өмнө нь заавал түргэн тусламжийн машин, жолооч, сувилагчийн тусламжтайгаар тээвэрлэж, түгжрэлд хугацаа их алддаг байв. Тэгвэл 2023 онд ЦССҮТ-өөс Монгол, Японы эмнэлэг хооронд таван кг жинтэй цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор анхлан зөөвөрлөж байсан бол эдүгээ үйл ажиллагаагаа тогтмолжуулжээ.
ЦССҮТ-ийн салбар төвүүдээс хүртэл нислэг үйлдэх болж. Хамгийн сүүлд “Баянзүрх” цус цуглуулах төвөөс ЭХЭМҮТ рүү цусан бүтээгдэхүүн тээвэрлэсэн дрон амжилттай газардсан байна. Эмнэлэг хооронд 5-10 км газрыг ердөө долоон минутад л туулсан тул хугацаа асар их хэмнэж байгааг албаныхан онцолсон. Ташрамд дурдахад, ЦССҮТ-ийнхөн дээрх төслийн хүрээнд “Ньюком” группийн “Mongolian smart drone” компанийнхантай хамтран долоо хоногийн ажлын таван өдөр дроноор цус тээвэрлэж байгаа аж.
М.Гэгээ