Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг ирэх сарын 4-18-ныг дуустал “И-Монголиа” цахим системээр хүлээн авах юм байна. 2025-2026 он буюу ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 278 290 хүүхдийг хамруулах хэрэгцээ үүссэний 135 582 нь хотын харьяатай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Нийслэлд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн 30 304 нь хоёр, 31 843 нь гурав, 35 698 нь дөрөв, 37 837 нь таван настай хүүхэд аж. Цахимаар хүсэлт илгээхдээ өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягтлах, өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн явах, эсэх сонголтыг хийх, хэрэв дээрх хугацаанд шилжилт хөдөлгөөн хийх бол ирэх сарын 15наас өмнө баталгаажуулахыг анхааруулжээ. Ташрамд, өнгөрсөн онд улсын хэмжээнд цэцэрлэгт 264 818 хамрагдсан байна.
Ч.Туяа