Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн хуралдаж, тогтоолын дөрвөн төсөл баталлаа. Тодруулбал, Нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг эцэслэж, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны орлогод тооцох жилийн хүүг 11.34 хувиар тогтоосон байна. Мөн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж буюу оршуулгын зардлын хэмжээг 2021 оноос хойш мөрдөж буй, гурван сая төгрөг олгож ирснийг хэвээр үлдээжээ. Харин амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 4.5 сая төгрөг болгон нэмсэн аж. Өмнө нь нас барагч нийгмийн даатгал төлдөг байсан тохиолдолд л ар гэрийнхэнд нь оршуулгын зардал олгодог байв. Тэгвэл сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг ор хоног нь 110 000 төгрөг байхаар тогтоосныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
О.Ундрах