Нийслэлийн удирдлагууд, зам, дэд бүтцийн асуудал хариуцсан байгууллагынхан иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах нэрийдлээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулж байгааг “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагаас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийнхэн Улаанбаатар хот дахь явган хүний зам, бордюрыг засаж, шинэчлэх нэрээр 270 орчим тэрбум төгрөгийг зураг төсөвгүй, магадлалаар баталгаажуулаагүй төсөлд зарцуулж, нэр бүхий цөөн компанид энэ төрлийн ажлыг ил тод бус сонгон шалгаруулалтаар хариуцуулсныг тус байгууллагынхан ил болгожээ. Тэгвэл өнөө жил хотын төвийн зургаан дүүрэгт зөвхөн явган хүний хөтөч замыг 32 тэрбум төгрөгөөр сольж, шинэчлэхдээ дээрх зөрчлүүдийг дахин давтаж байгааг тэд дурдав. Төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр дүүргүүдэд хийж буй зам, дэд бүтцийн ажилд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн хяналт тавьж, эвдрэл хагаралгүй хавтангуудыг дахин ашиглах боломжийг судалжээ.
Ингэхэд нийслэлийн Баянзүрх дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагад 346, Баянголынход 300, Сонгинохайрхныхад 60, Чингэлтэй, Хан-Уулынхад тус бүр 40 тн гээд нийт 786 тн дахин ашиглах боломжтой хавтан агуулахад бараа таваар болон хадгалагдаж буй нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, явган хүний зам засах нэрээр ийм хэмжээний хавтанг дэмий хуулсан гэсэн үг. “Монголын залуучуудын эвсэл”-ийнхэн үүнийг баримттайгаар олон нийтэд танилцуулаад, төсвийн хөрөнгийг үр ашигтай хуваарилах, зарцуулах ямар их нөөц боломж байгааг сануулав. Тэрчлэн нийслэлийн ИТХ, Замын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газар зэрэг холбогдох байгууллагынхныг төсвийн зарцуулалтад хяналт тавихыг анхаарууллаа.
О.Оргилох