Боловсролын болон Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло загварын цамц нэмж оруулах боломжтой, эсэх талаарх судалгааг хийж дууссанаа салбарын яамнаас мэдээллээ. Үүний дагуу “MNS 6814:2019 сурагчийн дүрэмт хувцас, техникийн шаардлага” стандартад өөрчлөлт оруулах, санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг ч байгуулсан юм байна. Тус ажлын хэсгийнхэн холбогдох судалгаанд үндэслэн дүрэмт хувцасны өнөөгийн стандарт, чанар, хүртээмж нь хэрэглэгчдийн хүлээлт, сэтгэл ханамжид нийцэхгүй, өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс хүүхэд бүрийн эрүүл мэнд, тав тух, өөртөө итгэх итгэл, суралцах таатай орчныг дэмжсэн, дүрэмт хувцасны иж бүрдэл, стандартад өөрчлөлт оруулах санал боловсруулснаа дээрх хоёр яамны удирдлагуудад танилцуулав.
Суралцагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло загварын цамц нэмж оруулах боломжтой, эсэх талаарх судалгааг Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ аймгийн 10 107 сурагч, эцэг, эх, багш, ажилтныг хамруулан хийсэн аж. Тэгэхэд судалгаанд оролцогчдын олонх нь “Поло цамц нь сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон, биед эвтэйхэн, угааж цэвэрлэхэд хялбар, агаар сайн нэвтрүүлдэг, хөдөлгөөнд саад болдоггүй” хэмээн хариулсан байна. Мөн сурагчид өөрийн биед тохирсон, тав тухтай хувцас сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Иймд поло цамцыг дүрэмт хувцасны шинэчилсэн стандартад албан ёсоор тусгах шаардлагатай гэж албаныхан үзэв. Үүний дагуу Боловсролын яамнаас ажлын хэсгийнхний тайланг үндэслэн “MNS 6814:2019 сурагчийн дүрэмт хувцас, техникийн шаардлага”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлжээ.
О.Ундрах