Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног өнөөдөр эхэлж байна. “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт: Тогтвортой дэмжлэгт орчин бүрдүүлье” уриан дор олон улс энэ долоо хоногийг өнгөрүүлэх бөгөөд хүүхдээ зургаан сар хүртэл нь дагнаж, хоёр нас хүрэхэд нь бусад нэмэлт хоол өгөхийг ДЭМБ-ынхан зөвлөж байна. Эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдүүдийн гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол 72, амьсгалын замын халдварынх 57 хувиар буурдаг гэж үздэг. Эх, хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн, зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэг “Хүүхдийн дархлааг дэмжиж, биеийн болон оюуны хөгжлийг хангадаг юугаар ч орлуулшгүй шим тэжээл бол эхийн сүү юм. Хүүхдэд юу хэрэгтэй байна, түүний шаардлагагаар бие махбод сүү “үйлдвэрлэж” гаргадаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд нэн хэрэгтэй шим тэжээлээ ээжийнхээ сүүгээр авах боломжтой. Уураг тархины хөгжлийг маш сайн дэмждэг. Мөн эхийн сүү нь хүүхдийн таргалалт, чихрийн шижин, шүд, харьшлын өвчнөөс сэргийлдэг. Цаашид сэтгэл хөдлөлөө удирдах, асуудал бэрхшээлийг даван туулах чадвартай болж өсдөг нь судалгаагаар тогтоогдсон” гэв.
Ч.Болор