Боловсролын ерөнхий хуулийг 2023 онд шинэчлэн батлахдаа англи хэлийг үндсэн гадаад хэлээр зарласан билээ. Үүний дагуу ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт англи хэлийг III ангиас эхлэн заахаар тусгасан аж. Хуулийг өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжүүлэх байсан ч бэлтгэл ажил бүрэн хангагдаагүйгээс нэг жил өнжсөн юм. Тэгвэл энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн сурагчдад англи хэл зааж эхлэхээр болсныг салбарын яамнаас мэдээллээ. 2024-2025 онд англи хэл заалгах ёстой байсан хүүхдүүд ийн энэ жилээс буюу дөрөвдүгээр ангиасаа сурч эхлэхээр болсон гэсэн үг.
Улсын хэмжээнд өнөө жил ерөнхий боловсролын 895 сургуульд 40 мянга орчим багш ажиллах бөгөөд бага боловсрол, байгалийн ухааны хичээлүүдийн багш нар дутагдалтай хэвээр байгаа гэнэ. Мөн III, IV ангийнханд англи хэлийг долоо хоногт хоёр цагаар заах болсонтой холбоотойгоор 900 орчим багшийн орон тоо сул байгааг албаныхан хэлсэн. Ямартай ч хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дутагдалтай байгаа багш нарын орон тоог нөхөх чиглэлээр нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэх, цалин хангамжийг нь сайжруулах зэрэг бодлогын цөөнгүй арга хэмжээ авч буй юм байна.
Ташрамд дурдахад, англи хэлийг үндсэн гадаад хэл болгосонтой холбогдуулан өнгөрсөн хугацаанд тус хичээлийг заах арга зүйг сайжруулах, багш нарыг чадавхжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, МУИСийн дэргэд Англи хэлний мэргэшлийн төв байгуулаад буй аж. Англи хэлний боловсролын стандартыг дээшлүүлэх зорилготой тус төвийн үйл ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлж, англи хэлтэн улс орнуудын тэтгэлэгт болон бусад хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэнэ.
О.Оргилох