Улсын хэмжээнд өнөө жил ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 4471 багш дутагдалтай байгааг Боловсролын ерөнхий газраас өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн эмч, сэтгэл зүйч, хоол зүйч, цэцэрлэгийн эмчийн сул орон тооны мэдээллийг мөн дээрх газраас гаргажээ. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн статистик тайлангийн нэгдсэн тоо, мэдээлэлд үндэслэн цэцэрлэг, сургуулийн хоол зүйч, сэтгэл зүйч, эмчийн сул орон тооны судалгааг гаргасан аж. Тодруулбал, 2025-2026 оны хичээлийн жилд 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуульд урьдчилсан байдлаар нийт 462 сэтгэл зүйч, 355 эмч, 463 хоол зүйч, хүүхдийн цэцэрлэгт 630 эмчийн сул орон тоо шаардлагатай байгаа аж. Үүнээс орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд 371 сэтгэл зүйч, 245 эмч, 357 хоол зүйч, хүүхдийн цэцэрлэгт 329 эмч дутагдаж буй юм. Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 91 сэтгэл зүйч, 110 эмч, 106 хоол зүйч, хүүхдийн цэцэрлэгт 301 эмчийн сул орон тоо бий аж.
Ташрамд дурдахад, хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын 895 сургууль, 1400 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулах урьдчилсан тооцоо бий. Үүнээс үзэхэд ердөө тал хувь нь л сэтгэл зүйч, хоол зүйч, хүүхдийн эмчтэй байна.
Ч.Туяа