XXI зууны Монголын нийслэлд айл өрхүүдийн дийлэнх нь хөлдөж үхэхгүйн тулд нүүрсээр гал түлдэг билээ. Харамсалтай нь, эл тэмцэл нь ч бас бүтэлгүйтсээр удав. Учир юу вэ гэвэл осгохгүйн тулд түлсэн нүүрс нь эргээд монголчуудыг хоморголон хордуулж, улмаар амь нас, эрүүл мэндийг нь хохироосоор л байна. Эрх баригчдын “сайжруулсан” гэж пиардаж шахсан түлш нь нийслэлчүүдийг 50, 100-гаар нь “устгадаг” болсон. Утааны улирал ч эхлээгүй байхад уржигдар шөнө л гэхэд 81 хүн угаартаж, гурав нь нас барсан тухай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс мэдээлсэн нь нийгэмд нэлээд шуугиан тарив. Ердөө ганцхан өдөрт бүртгэгдсэн, угаарын хийн хордлогын тоон мэдээ гэхээр дэндүү харамсалтай байгаа биз. Энэ нь дөнгөж эхлэл гэж бодохоор бүр ч аймшигтай.
Тэгвэл Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан мэдээллээр 2025 оны эхний есөн сард угаарын хийн хордлогод 1499 хүн өртөж, 31 нь энджээ. Зөвхөн есдүгээр сард гэхэд л 154 хүн угаартсан байх юм. Үүн дээр өчигдрийн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 38 иргэнийг нэмбэл нийт 192 болж буй юм. НЭМҮТ-ийнхөн угаартсан эдгээр 38 иргэний хоёр нь нас барсныг мөн мэдээлэв. Тэд нэг өрхийн гишүүд байсан аж. Угаартаж нас барсан иргэдийн олонх нь нэг гэр бүлийнхэн байдаг нь даанч эмзэглэмээр. Ерөнхийдөө сүүлийн хоёр хоногт л гэхэд таван хүн угаартаад нас барчихлаа, арай ч дээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өчигдөр түлшний асуудлаар мэдээлэл өгнө лээ. Тэгэхдээ “Аравдугаар сарын 1-нээс хагас коксон түлш борлуулна. Уг түлшийг ШУАийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторид шинжлүүлэхэд сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол, 25 хувиар бага угаарын хий ялгаруулна. Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор хүртэл 80 хувиар багасна. Ингэснээр хотын агаарын бохирдол 50 хувиар буурна гэж тооцсон. Аргал, мод, цаас, сайжруулсан түлш түлсэн ч угаарын хий ялгарна. Тиймээс иргэд зуух, яндангаас эхлээд аюулгүй байдлаа сайн хангах ёстой. Цас, бороотой үед түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээх зэргээр өөрсдийгөө эрсдэлд оруулсан тохиолдол ч байна” гэв.
Түүний эл яриа тэр чигтээ “арьсаа” хамгаалсан, цаашлаад иргэдийн сүүлийн 7-8 жил хэрэглэж буй сайжруулсан шахмал түлш аймшигтай хортой байсан нь ийнхүү ил болох шив. Харин одоо хагас кокс шиг сайн түлш байхгүй гэх. Шинжлэх ухааны академи, хүрээлэнгээр шинжлүүлээд хор, найрлагыг нь энэ мэт тогтоочихож болох л байж. “Муужруулсан” шахмал түлш бэлтгэхдээ анхнаасаа ингэж ажиллахгүй яасан юм бэ. Утаа буурна, хоргүй түлш хэрэглэнэ гэсэн албаныхны уянгын халилд одоо итгэх хүн ч үлдсэнгүй.
