Багш нарын ажил хаялтын талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийн ширээний ард суухгүй байна. Ирэх даваа гарагаас хичээл эхлэх эсэх энэ хэлэлцээнд орох эсэхээс хамаарна.
Засгийн газрын зүгээс байж болох бүхий л болзлыг хэллээ, хэлэлцээрт урилаа. Үндсэн цалинг шууд 3,5 болго. Хүн бүрийн цалинг 2,1 саяар нэмэхийг шаардаж байгаа. Ингэх юм бол нийт төсөв дээр нэмж 3 их наяд 300 тэрбум төгрөг шууд нэм гэсэн шаардлага тавьж байна. Ямар ч үйлдвэрчний эвлэл гэдэг бол судалгааны маш том байгууллага байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн жишиг байгууллага байх ёстой. Цалингийн бодлогыг тогтооход оролцдог нийгмийн гол хүчин зүйл. Гэтэл ямар нэгэн макро эдийн засгийн тооцоогүйгээр хэцүү байдлыг үүсгэж байна" гэх мэдээллийг өглөө.