Багш, эмч нарын цалинг нэмэх ямар шийдэл гаргаж буй болон хичээл хэзээ эхлэх талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Боловсролын салбарт техник тоног төхөөрөмж болон ширээ сандалын хэрэгцээ их байгаа учраас энэ чиглэлийн хасалт хийгдээгүй. Мөн багш нарын цалинг нэмэхээр ажиллаж байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлд удирдагч хүн шиг байгаач гэж хэлмээр байна.
Хоёр талаас саналаа ойртуулаад, хэлсэн үгэндээ байх нь чухал байгаад байна. Ерөнхий сайдтай өчигдөр уулзуулж, тохиролцоонд хүрсэн боловч өнөөдөр нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байна. Гэхдээ ирэх даваа гараг гэхэд сургууль, цэцэрлэгийг оруулах ёстой. Монголын нийгмийн амьдралыг үүнээс илүү царцааж болохгүй шүү дээ. Хүүхдийн сурлагын хоцрогдол ноцтой болж эхэлнэ. Цалин нэмүүлэх багш нарын шаардлагыг маш сайн ойлгож байна. Нэмэхийг УИХ, Засгийн газрын гишүүд бүрэн дэмжиж байна. Гэхдээ бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн хүрээндээ нийцүүлж цалин нэмэх ёстой гэдгийг ойлгох ёстой. Бид аль болох хамгийн сайн хувилбараар шийдэхийн төлөө ажиллаж байна.
30 хувиар нэмж болохоор байна. 3.5 сая төгрөг болгох хугацааг аль болох ойртуулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, цалингийн бүтэц дээр ярилцаж байна" гэх мэдээллийг өглөө.