Боловсролын ерөнхий газар, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимтэй хамтран аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар арга барил, зөвлөмж боловсруулсныг хүргэе. Бүх шатны боловсролын байгууллагуудын багш, ажилтнууд аутизмтай хүүхэдтэй ажиллахдаа эхлээд тухайн суралцагчид өдөр тутмын төлөвлөгөө, хичээлийн дарааллыг урьдчилан хэлж өгөх, гэнэтийн өөрчлөлт, шинэзүйлд дасан зохицох хугацаа өгөх, өөрт нь тохирсон хуваарь, дүрмийг боловсруулан ашиглах нь тэднийг тайван байхад тусална. Мөн сургалтын орчныг ойлгомжтой, цэгцтэй зохион байгуулж, анги танхимд аль болох чанга дуу чимээгаргахгүй, анхаарлыг нь сарниулахгүй байх, хувийн орон зайг нь хүндэтгэж, тайвшруулах өрөө, булан бэлтгэж өгөх байдлаар сэтгэл зүйн тааламжтай, аюулгүй орчин бүрдүүлэх нь чухал гэнэ.
Түүнчлэн хичээл сургалтад харааны ой тогтоолтод тулгуурласан үзүүлэн түлхүү хэрэглэх, харилцааны PECS буюу зурган солилцооны аргачлал ашиглавал илүү үр дүнтэй аж. Сургалтын хэрэглэгдэхүүнүүд бүгд энгийн ойлгомжтой байх ёстой. Цаашлаад хүүхдийн аливаа амжилт, оролдлогыг магтаж, итгэл өгөх зэргээр урамшууллын эерэг арга ашиглах, тухайн хичээлийг бодит жишээ, туршилтад тулгуурлах, эдгээр нь өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байхаар зохион байгуулахыг зөвлөлөө.
О.Бат