Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй сургуулийн орчин бүрдүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуул¬лаа. Сургалтад аймаг, нийслэлийн Боловсролын газрын хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургах боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж, “Эрүүл, аюулгүй сургууль”-ийн орчин бүрдүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв. Тэр дундаа орон нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг багасгах талаар туршлага солилцож, шийдэл хайсан юм.
Хоёр өдрийн турш явуулсан сургалтаар улсын хэмжээний нийгмийн бодлого, боловсролын салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад анхаарч, олон улсын “Эрүүл, аюулгүй сургууль”-ийн загвар, шилдэг туршлагад тулгуурласан тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр бодит арга зүй, практикт суурилсан мэдлэг олгожээ. Ингэснээр зөвхөн онол биш, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх сайн туршлагыг аймаг, орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн нутагшуулахаар болсон байна.
О.Оргилох