Элэгний мэс засалд орсон доноруудын эрүүл мэндийн өдөрлөгийг Хавдар судлалын үндэсний үндэсний төвд өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Тус өдөрлөгт нийслэл болон орон нутгийн 90 орчим донор оролцож, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, хөдөлгөөн засалч, сэтгэл засалч, хоол зүйчдээс зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Гурван жилийн өмнө анх зохион байгуулж байсан өдөрлөгт 20 орчим хүн оролцсон бол өдгөө донорын эгнээ өргөжин тэлж буйг тус эмнэлгийнхэн онцолсон юм. Аав, ээж, үр хүүхэд, ах, дүү, төрөл төрөгсөд гээд хайртай хүмүүстээ эд, эрхтнээ өгч, амийг нь авардаг баатарлаг үйлстнүүдийг энэхүү өдөрлөгөөр алдаршуулахын зэрэгцээ өөрсдийнх нь эрүүл мэндэд ийн санаа тавьдаг аж. Өөрөөр хэлбэл, доноруудыг бөөр, элэгний үйл ажиллагааны дэлгэрэнгүй болон цус, В вирусний дархлаа тогтоцын шинжилгээнд хамруулж, хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг хийж “халамжилжээ”.
Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ-ийнхэн анх хийж эхэлсэн бол өдгөө улсын томоохон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд бие даан гүйцэтгэх болсон. Үүний нэг нь ХСҮТ. Тус эмнэлгийнхэн 2018 онд элэг шилжүүлэн суулгасан бол эдүгээ амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай нэвтрүүлээд байна. Энэ хугацаанд 225 амьд донороос элэг шилжүүлэн суулгажээ. Харин 2024 оноос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээгээ өргөжүүлж, бөөр шилжүүлэн суулган төслийг үе шаттайгаар нэвтрүүлснээр хагалгаа амжилттай болсон аж.
Ч.Болор