Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 нь шалгарсныг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Эдгээр багийн бүтээлийг өчигдрөөс энэ сарын 14-нийг дуустал олон нийтэд танилцуулж, шилдгүүдийг зарлах аж. Тодруулбал, Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулж, тогтвортой хөгжилд суурилсан, ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн, Монголын түүхэн өв, соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан хот бүтээн байгуулах зорилгоор сонгон шалгаруулалт зохион байгуулжээ.
Шилдэг 24 багийн бүтээлийг танилцуулах арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Хүннү хотыг байгуулахдаа олон төвт хот бий болгох, ногоон ба саарал дэд бүтцийг нэвтрүүлэх зэргээр нэгдсэн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж байна. Авто зам, инженерийн шугам сүлжээ, бүсчлэлийн дүрэм зэрэг бүтээн байгуулалтын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа хувийн хэвшлүүдээс төсөл сонгон шалгаруулах зарчмыг санал болгоно. Энэ нь зөвхөн барилга барих төдий биш, бодлого, итгэл, оролцогч талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнг нэгтгэх төсөл юм” гэв. Сонгон шалгаруулалтын шийдвэр, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, Хүннү хотын бүтээн байгуулалтад оролцуулах аж.
С.Дулам